АНУ ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох Ираны төлөөлөгчдөд виз олгохыг зөвшөөрөв. Тус чуулганд Ираны талаас ерөнхийлөгч Масуд Пезешкян, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. АНУ-ын Төрийн департментын мэдэгдсэнээр, Ираны цомхон бүрэлдэхүүнийг л нэвтрүүлэх бөгөөд тэдний зорчих газар нь хязгаартай, тансаг хэрэглээний бараа худалдан авах нь хориотой байх аж.
АНУ, Ираны мөргөлдөөн долоо дахь сардаа үргэлжилж байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дэх удаагийн чуулган нээж байна. Үүний зэрэгцээ Орос, Украины дайн, дэлхийн эдийн засгийн хүндрэл зэрэг бусад хүндхэн сорилт 81 дэх удаагийн чуулгантай зэрэгцэж байна.
АНУ сүүлийн хоёр жил дараалан Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас болон Палестины Үндэсний захиргааны албан тушаалтнуудад НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцох виз олгохоос татгалзсан. Виз олгоогүйн улмаас ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн жил Ерөнхий ассамблейд цахимаар оролцож үг хэлсэн билээ. Энэ жилийн тухайд НҮБ дэх итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Палестиныг төлөөлнө.
Палестины Гадаад хэрэг, хилийн чанад дахь иргэдийн яам мэдэгдэлдээ “Палестины албан тушаалтнуудад оногдуулж буй шийтгэл, хязгаарлалт нь энх тайвныг тогтоох, хүчирхийлэлтэй тэмцэхэд ямар ч нэмэр болохгүй. Харин ч улс төрийн яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэхийг зорьдог Палестины байр суурийг сулруулж, хоёр улсын шийдлийг үгүйсгэн, эзлэн түрэмгийлэл, суурьшлын бодлого, газар нутгийг хүчээр нэгтгэхийг дэмждэг хүчнүүдийг улам зоригжуулж байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
