Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжилд шинэ хандлага хэрэгжиж эхэллээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын 17 дугаар бага хурал (COP17) дэлхийн анхаарлыг нийслэлд төвлөрүүлж, цөлжилт, хотын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ гарцыг нэвтрүүлэх зорилго тавьжээ. Тус хурал Монголын нийслэлд 4000 ам метр талбайд байрласан таван павильон, нийт 160 гаруй үзэсгэлэн, мэдээллийн төвөөр дамжуулан, Монгол, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны шинэ боломжийг нээн өгсөн байна
Нийслэл хотын цөлжилттэй тэмцэх, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой олон улсын хуралд нийслэлийн удирдлагууд болон хөрөнгө оруулагчид оролцон, хэд хэдэн бодлого, төслийг танилцууллаа. Үүнд:
Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын өргөтгөл, шинэчлэл,
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн цогц төслүүд,
Ногоон эрчим хүчний төслүүд болон дахин боловсруулалтын үйлдвэрийн хөгжүүлэлт,
Агро паркуудын үйл ажиллагааг өргөжүүлэх,
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүд орно.
Эдгээр төслүүд нь зөвхөн хотын доторх цэвэрлэгээ, дэд бүтцийн сайжруулалтад төдийгүй, хотын хэмжээнд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн оновчтой, нөлөөлөхүйц шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийн хөгжил, агро паркуудын үйл ажиллагааг өргөжүүлэх нь цөлжилттэй тэмцэх гол гарц болохыг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хариуцсан Л.Хосбаяр “Хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чухал алхам юм. Эдгээр төслүүд нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон болгох зорилготой бөгөөд хөрөнгө оруулагчдыг татах, хамтран ажиллах боломжийг өргөн олгож байна” гэж ярив.
Энэ үеэр нийслэлийн удирдлагууд, хөрөнгө оруулагч нар хамтран ажиллах хүлээлт тавьж, ирээдүйд хотын уур амьсгал, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн бодлого, төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлсэн. Тус хурал, арга хэмжээ нь Монгол Улсын нийслэлд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг өргөн хүрээтэй стратеги, бодлогын шинэчлэл хийж, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлд томоохон түлхэц болох хандлагатай байна.
Цаашид эдгээр төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх тусам Улаанбаатар хот цөлжилт, бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бодитой ахиц гарч, хотын орчин нөхцөл сайжрах боломжтой юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн хөгжлийн зөвхөн нэг хэсэг биш, харин тогтвортой, ухаалаг хотын хөгжлийн цогц бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болох нь ойлгомжтой байна.
