Прокурорын байгууллагаас 2025 он болон 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьсан байна. Орон нутгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн аймгуудаар Хэнтий 326, Архангай 193, Дорнод 189, Сүхбаатар 163 аймаг тэргүүлжээ. Харин нийслэлд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх болон Багахангай дүүрэгт 13 хэрэг бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Мал хулгайлах гэмт хэрэгт нийт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Насны ангиллаар авч үзвэл 18 хүртэлх насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн байгаа бол хүйсийн хувьд 538 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна. Мөн 66 нь ажил эрхэлдэг, 485 нь эрхэлсэн ажилгүй иргэд байгаа аж.
Шүүхэд шилжүүлсэн 246 хэргийн хүрээнд 393 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, Үүнээс 262 хүнд 1-12 жилийн хугацаагаар хорих ял, 29 хүнд 6 сараас 4 жил 5 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 хүнд хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жилийн хугацаанд тэнсэж, хянан харгалзах шийдвэр гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор 349.2 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 55.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог бэхжүүлэх, сэжигтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэхийг Прокурорын байгууллагаас анхаарууллаа.
