Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ Засгийн газар ажил үүргээ бүрэн эхлүүлж амжаагүй байхад нь дотоодын улс төрийн хүчнүүд сайд нарын суудлыг “ганхуулж” эхэллээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт хариуцлага тооцох, чөлөөлөх шаардлагыг нэр бүхий УИХ-ын гишүүд гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлсэн нь Засгийн газрын тогтвортой байдалд анхаарал татаж байна.
Хамгийн сонирхолтой нь, энэхүү улстөрийн акцын цаана урьд нь хоорондоо зөрчилдөж ирсэн Ардын намын дотоод фракцууд, тухайлбал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн нөлөө бүхий гишүүд нэгдэж байгаа нь улс төрийн “том тохироо” байж болзошгүйг харуулж байна. Олон нийтийн анхаарал наадам, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний амжилт руу чиглэсэн энэ үед П.Наранбаярын асуудал “саарал ордны ханыг нүдэж”, нам дотроо нэлээд гүнзгий маргаан үүсгээд байна.
Нөгөө талд, ХҮН намын зүгээс энэ асуудалд маш хатуу байр суурь илэрхийлж буй. Тус намын дарга Т.Доржхандын зүгээс “Хэрвээ П.Наранбаярыг улс төрийн тохироо, дарамтаар огцруулах гэж байгаа бол бид Засгийн газраас гарна” гэх анхааруулгыг өгсөн тухай мэдээлэл ч байна. Энэ тохиолдолд ХҮН намын дэмжлэггүй болсон Ерөнхий сайд Г.Занданшатар парламент дотроо тоон давамгайллаа алдаж, АН, ХҮН, Үндэсний эвслийн нэгдэлд шахагдах эрсдэлтэй.
Хэрвээ ХҮН нам засгаас гарвал Занданшатарын кабинет хүнд байдалд орж, АН-тай ойлголцох гарц хайхаас аргагүй болно. Энэ нь эргээд Х.Баттулгатай харилцаа тогтоох, улмаар ирэх намрын чуулганаар яригдах Х.Баттулгын бүрэн эрхийн асуудлыг намжаах нөхцөлийг бүрдүүлж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, ЗГ дотор өрнөж буй энгийн мэт харагдах “сайд солих” яриа улс төрийн маш том гинжин холбоо, үр дагавартайгаар үргэлжилж байна.
Энэ бүхний цаана П.Наранбаярын огцруулах эсэх асуудал нь Ардын намын дотоод хуваагдлыг ашиглан ХҮН намыг задалж, Засгийн газрын бүрэлдэхүүнд дотоод зөрчил үүсгэх, Ерөнхий сайдын легитим байдлыг сулруулах зорилготой улс төрийн олон түвшний тоглолт болж хувирчээ. Хэрвээ сайдыг чөлөөлбөл ЗГ “цус алдсан”-ы эхлэл болно. Харин хамгаалан авч үлдвэл дараагийн улстөрийн тохирооны том хөзөр Занданшатарын гар дээр ирнэ. Энэ нь ч ХҮН нам дотор шинэ сайдад нэр дэвшигчид үүсгэх, дотоод тогтворгүй байдал бий болгох хөрс ч болж мэднэ.
Эцэст нь хэлэхэд, П.Наранбаярыг тойрсон улс төр бол энгийн нэг сайдын асуудал биш. ЗГ-ын тогтвортой байдал, улс төрийн эв нэгдэл, цаашлаад ирэх саруудад өрнөх томоохон улстөрийн тохироо, сөргөлдөөний эхлэл болж мэдэх тул аливаа алхмыг маш нухацтай, ухаалгаар хийх шаардлагатай цаг иржээ.
