
УИХ-ын гишүүд үг хэлж байна
УИХ-ын гишүүн Х.Зулпхар:
-Монгол Улс ардчилсан статус дээрээ хэвээрээ байгаа. Би олон зүйл тэвчсэн. Ийм ташаа мэдээллийг олон нийтэд өгч болохгүй. Бид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ парламентын ардчиллыг бэхжүүлэхээр болсон. Манай нийгэмд олон асуудал бий. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайтар хэлэлцэж батлах ёстой. Алсын хараа-2050 хөтөлбөрт цомхон бус зохистой чадварлаг бүтэцтэй байх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Миний бие нэр дэвшигч Г.Тэмүүлэнг дэмжсэн хүний нэг. МАН дотоод ардчилалтай, дараа дараагийн боловсон хүчин байгаа гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Шинэ Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр дэмжиж ажиллана. Г.Занданшатар дарга Ерөнхий сайд болбол олон давуу тал гарах байх. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тал дээр ажиллаж байсан хүн. Та энэ ажлаа эрчимтэй хийх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байна. Хэт уул уурхайг шүтсэн эдийн засаг хэзээ нэгэн цагт дуусна. Гадагшаа урсаж байгаа валютыг дотооддоо шингээж, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Би Г.Занданшатар даргатай ажил хэргээр нэг сарын өмнө уулзсан. Түүнээс хойш өнөөдөр л таарч байна. Бусад намууд Засгийн газартай хамтран асуудал огт яригдаагүй. Ирэх сонгуулиудад улс төрийн оноо алдах вий гэдэг нүдээр огт харж болохгүй. Би итгэл төрөхгүй байна гэдгийг хэлж байгаа. Та хар муураа биш цагаан муураар Засгийн газраа бүрдүүлээрэй. Амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Та асуудлууд ямар байгааг маш сайн мэдэж байгаа учраас цаг алдалгүй төрийн албаны шинэчлэлийг эхлүүлээсэй. Ажлын бүтээмж, үр дүнг бий болгох системд анхаараасай.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Та судалгааны ажил эрхэлдэг дөртэй хүн. Олон улсын индексүүдийг аль алийг нь авах ёстой. Монгол Улс ухарч байгаа нь үнэн. Гэхдээ бид гайгүй нь аваад таарууг нь орхигдуулж болохгүй. УИХ-д Хүний эрхийн багц 12 хуулийн 11-ийг нь хэлэлцэхээр болсон. Тэгэхээр Засгийн газрын залгамж чанарыг үргэлжлүүлж, энэ индексүүдэд анхаарах ёстой. Авлигын төсөөллийн индексийн оноо хэвэндээ байгаа бөгөөд өрсөлдөөнт ангилал руу орсон. УИХ дээр өргөн барьсан Авлигын эсрэг багц хуулийн төслүүд чухал үүрэгтэй.
Та УИХ-ын даргаар 2 удаа ажилласан. Стратегийн орд газартай холбоотой ажлын хэсэг ажилласан. Энэ тэмцэл амаргүй эндээс ухарч болохгүй гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Бид найман жил тантай хамтран ажилласан. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулж байгаа. Та жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ядууралтай тэмцэх бодлогыг барьж ажиллаасай.
