
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зорчих хэрэгт саад учруулдаг, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг эхлүүлж, орчныг чөлөөлж эхлээд буй. Яг одоогийн байдлаар зургаан дүүргийн 46 байршлаас 650 ТҮЦ-ийг нүүлгэсэн байдалтай байгаа юм.Энэ ажлыг Хотын дарга Х.Нямбаатар ахалж явуулж байгаа бөгөөд “Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” хэмээсэн байдаг.
Гэсэн ч Нийслэлээс тавьсан эл саналыг ТҮЦ эрхлэгчид хүлээн зөвшөөрсөнгүй. Өчигдөр буюу /2025-04-14/-ний өдөр Төв талбайд хүзүүндээ гинж зүүн олноор суулт зарлах болсон.
