
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өчигдөр /2025.04.02/ завсарласан байна.Энэ талаар шүүхээс тодруулахад, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд хурлын шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна гэв. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
