
Өнгөрсөн жил америкчууд криптовалюттай холбоотой залиланд 5.6 тэрбум ам.доллар луйвардуулсан гэж Холбооны мөрдөх товчооны (FBI) Даваа гаригт гаргасан тайланд бичигдсэн байна. Уг мөнгөн дүн нь 2022 онтой харьцуулахад 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, 2023 онд биткойн, эфир болон бусад криптовалюттай холбоотой 70 мянган хэрэг бүртгэгджээ.
Хамгийн өргөн тархсан луйврын схем нь хөрөнгө оруулалтын луйвар байсан бөгөөд хохирогчид 3.96 тэрбум ам.доллар алдсан байна.
“Криптовалютын төвлөрсөн бус шинж чанар, эргэлт буцалтгүй гүйлгээний хурд, дэлхий даяар үнэ цэнэтэй болж байгаа нь иргэдийн төдийгүй луйварчдын сонирхлыг татаж байна. Криптог сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс ямар ч эргэлзэх зүйлгүйгээр луйврын схемд мөнгөө өгч, залилуулж байна” гэж Холбооны мөрдөх товчооны эрүүгийн мөрдөн байцаах газрын даргын туслах Майкл Нордволл тайлбарлажээ.
Луйварчид хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа хүмүүсийн итгэлийг олохын тулд хуурамч вэбсайт бүтээж, бага мөнгөн дүнд дээр ашиг олгодог.
Дараа нь итгэлийг нь олж авсан гэж үзвэл их хэмжээний мөнгөөр крипто худалдан авахыг санал болгодог гэж Майкл Нордволл онцлон тэмдэглэжээ. Зарим тохиолдолд алдсан криптовалютыг сэргээхэд тусална гэж хуурамч бизнес эрхлэгчид тусламж үзүүлж байгаа мэт мөнгө залилдаг. Бүх насны, ямар ч хүн луйврын бай болж байгаа тул уулзаж байгаагүй хүн эсвэл баталгаагүй вэбсайтаар дамжуулан крипто худалдан авахгүй байхыг Холбооны мөрдөх товчоо анхааруулаад байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
