
Украины арми өнгөрсөн шөнө 140 гаруй нисгэгчгүй нисэх онгоцоор Москва болон түүний ойр орчмын бүс нутгийг онилжээ. Москвагийн ойролцоох Раменское хотод нисгэгчгүй онгоцууд орон сууцны хоёр байшинг мөргөж, үүнээс үүдэлтэй гал түймэр гарчээ. Түймэрт нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан. Онцгой байдлынхан нисгэгчгүй онгоцны хог хаягдлыг зөөвөрлөж, ослын бүсэд ажиллаж байгаа тул иргэдийг нүүлгэн шилжүүснийг Москва мужийн захирагч Андрей Воробьев мэдэгдэв.
Мөн халдлагын улмаас Москвагийн ойролцоох Внуково, Домодедово, Жуковский гэсэн гурван нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ. ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Росавиациа” агентлагийн мэдээлснээр нийт 48 нислэгийг бусад нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам нийтдээ 144 нисгэгчгүй онгоцыг өөрийн есөн бүс нутагт устгажээ. Есөн бүс нутагт хилийн болон ОХУ-ын гүнд байрлах нутаг дэвсгэр ч багтсан байна. Энэ нь хоёр жил гаруй үргэлжилсэн дайны хугацаанд Оросын нутаг дэвсгэрт Украины нисгэгчгүй онгоцоор хийсэн хамгийн том халдлагын нэг болж байна. Украины арми энэ сарын 1-ний өдөр Оросын 10 гаруй бүс нутагт 158 нисгэгчгүй онгоцоор довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн том цохилт болсон гэдгийг Москвагийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: AP
