Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нэгэн таагүй хэрэгт холбогдсон талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Д.Бямбадорж нь сумочдын нийллэгний үеэр архи ууж согтуурсан байхдаа өөрөөсөө доогуур зиндааны бөхийн толгойг шар айрагны шилээр цохиж, тархийг нь хагалсан талаар “Спорт Ниппон” сонин мэдээлсэн байна.
Уг хэрэг өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Д.Бямбадоржид зодуулсан монгол бөх Таканоива Баасандорж Японы Фүкүоко хотын эмнэлэгт энэ сарын 5-9-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн байна.
Биеийн байдлын шалтгаанаас болж Таканоива Баасандорж Кюүшюү башёг өнжхөөр болсон бөгөөд энэ талаар Таканоивагийн ояаката Таканохана, “Бататгаж хэлэхэд, биеийн байдал нь тааруу байна” гэсэн тодруулгыг хэвлэлд өгчээ.
Спорт Ниппон сонины мэдээлснээр Харүмафүжигийн энэхүү үйлдэл нь түүний бөхийн замналд цэг тавьж, зодог тайлахаас аргагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй бололтой.
