
Машины эд анги хэлбэрээр хил давуулах гэж байсан 146 кг алтыг илрүүлснээ Хонконгийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.
Энэ нь тус хотын түүхэнд хамгийн их хэмжээний алтыг хууль бус замаар хил давуулах гэсэн тохиолдол болсон байна.
$10 саяын үнэ хүрэх энэхүү үнэт металлыг өнгөрсөн сарын сүүлээр Япон руу хөөрөх гэж байсан ачаа тээврийн нисэх онгоцноос илрүүлжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан 31 настай эрэгтэйг шалгаж эхэлсэн байна. Контрбандын хэрэгт Хонконгийн хуулиар долоо хүртэл жилийн хорих ял оноодог.
Гуравдугаар сарын 27-ны өдөр Япон улс руу ачигдах гэж байсан хоёр ширхэг агаарын компрессор машиныг гаалийн ажилтнууд шалгажээ.
Машинуудын хэвийн бус бүтэц, жин зэрэг нь сэжигтэй байсан тул нарийвчлан шалгасан байна.
Гэтэл машинуудын араа, боолт, хөдөлгүүрийн хэсэг зэрэг эд ангиудыг алтаар цутгаж, өнгөлөн далдалсан нь илэрчээ.
Татвар төлөхөөс зугтах зорилготой Японы гэмт хэргийн бүлэглэл уг ачааны цаана байж болзошгүй гэж Хонконгийн эрх баригчид үзэж байгаа юм байна.
Хонконг бол алт арилжааны дэлхийн томоохон төвүүдийн нэг бөгөөд олон улсын хурцадмал байдлын улмаас алтны үнэ ханш сүүлийн үед нэлээд өсөөд байгаа юм.
