
Өмнөд Африкийн Ботсвана улсын ерөнхийлөгч улс төрийн маргааны улмаас Герман улс руу 20,000 заан илгээхээр сүрдүүлжээ.
Дэлхийн зарим улс орнууд илүүдэл ан амьтдаа гадаадын иргэдээр төлбөртэй агнуулж, эвэр, арьс, толгой зэрэг биеийн хэсгийг нь дурсгал болгон авч явахыг зөвшөөрдөг.
Энэ оны эхээр Германы байгаль орчны яам тус улс ийм хэлбэрийн ан агнуурын импортын хэмжээг эрс хязгаарлах санал гаргаж байсан юм.
Герман бол Африкийн зааны төдийгүй нийт ан агнуурын импортын хэмжээгээр Европын Холбооны орнуудын дунд тэргүүлдэг улс.
Ботсванад дэлхийн нийт зааны тоо толгойн гуравны нэг буюу 130,000 орчим заан амьдардаг. Тус улс 2014 онд төлбөртэй агнуурыг хориглож байсан бол 2019 оноос буцаан сэргээж байжээ.
Хамгаалах арга хэмжээний үр дүнд заан сүргийн тоо толгой нь хэт нэмэгдэж, байгаль орчин болон хүмүүсийн аж амьдралд хохирол учруулах болсон тул цөөлөх бодлого баримтлах болсон. Ингэхдээ гадаад улс орнуудад заан экспортлохоос гадна гадаадын анчдад төлбөртэй агнуулах замаар орлого олж байна.
Ботсвана улс өмнө нь нийт 8,000 зааныг Ангол, Мозамбик зэрэг улсуудад өгч байжээ.
Герман улс иргэддээ ан агнуурын импортыг хоригловол Ботсвана улсын томоохон орлогын эх үүсвэр хаагдах юм.
Ботсваны ерөнхийлөгч Мокгвэтси Масиси саяхан Германы Bild сонинд ярилцлага өгөхдөө “германчууд бидэнд зааж байгаа аргаараа энэ амьтантай зэрэгцэн амьдраад үзэх хэрэгтэй” гэж хэлжээ.
“Бид Германд ийм тооны заан бэлэглэхийг хүсэж байна” гэж тэр хэлээд хошигноогүйгээ анхааруулсан юм.
Австрали, Франц, Бельги зэрэг улсууд одоогоор ан агнуурын импортыг хориглоод байгаа. Гуравдугаар сард Их Британийн парламентын гишүүдийн олонх бас ийм хоригийг дэмжсэн нь хуульчлагдах эхний алхам болсон юм.
