Шувууны ханиадны вирус хүнд халдварласан хоёр дахь тохиолдол АНУ-д бүртгэгдэв


Шувууны ханиадны вирус хүнд халдварласан хоёр дахь тохиолдол АНУ-д бүртгэгджээ.

“Шувууны ханиадны цорын ганц шинж тэмдэг болох нүдний улайлт илэрсэн өвчтөн одоо эдгэрч, бие нь сайжирч байна” гэж АНУ-ын Өвчний Хяналтын Төв (CDC) өчигдөр буюу Даваа гарагт мэдээлсэн байна.

Техасын фермд ажилладаг уг өвчтөн сүүний үүлдрийн үнээнээс халдвар авсан ажээ.

Сүүлийн өдрүүдэд Техас, Канзас мужуудын мал сүрэгт шувууны ханиад тархаад байгаа юм.

Хэдийгээр хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн ч CDC шувууны ханиадны нийгэмд учруулах эрсдэлийг бага хэвээр гэж үзэж байгаагаа өчигдөр бас мэдэгджээ.

2022 онд Колорадо мужийн шоронгийн хоригдол шувууны ханиадаар өвчилсөн нь анхны ийм тохиолдол болж байв. Анхны тохиолдол тэжээвэр шувуунаас хүнд халдсаныг тогтоож байсан юм.

Шувууны ханиадны вирусийн одоогийн хувилбар болох H5N1 хөхтөн амьтдад халдварлах явдал нэмэгдэж байгаа нь судлаачдын санааг зовоож байна.

Техас мужийн эрүүл мэндийн алба фермийн үнээнд зэрлэг шувуунаас вирусийн халдвар дамжсаныг тогтоожээ.

Гэхдээ энэ нь сүүний үйлдвэрлэлд саад учруулахгүйг мэдэгдсэн юм.

Техасын тохиолдол нь шувууны ханиад анх удаа үхэрт халдварласан тохиолдол юм байна.

Гуравдугаар сарын 20-нд Миннесота мужийн ямаануудад шувууны ханиадны вирус халдварлаж байжээ.

“Шувууны ханиадны вирус эхлээд ямаанд одоо сүүний үүлдрийн үнээнд халдварласан нь био аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатайг харуулж байна” гэж Америкийн Малын Эмч Нарын Холбооны (AVMA) ерөнхийлөгч Рена Карлсон анхааруулсан байна.

Өнгөрсөн сард шувууны ханиадны халдвар авсан цагаан баавгай үхсэнийг Аласка мужийн эрх баригчид мэдээлж байв. Антарктидын судлаачид бас энэ өвчнөөр Өмнөд Америкт олон мянган тэнгисийн хөхтөн амьтан үхсэнийг мэдээлж байжээ.

access_time 2024-04-02 09:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt