Японд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн таван хүн амиа алдсан хэргийг шалгаж байна


Өнгөрсөн долоо хоногт Японд холестерол бууруулах үйлчилгээтэй хэмээн сурталчилдаг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглэсний улмаас таван хүн амиа алдаж, 114 хүн эмнэлэгт хэвтсэн юм.

Бямба гарагт тус улсын эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид, орон нутгийн эрх баригчид уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн Кобаяаши Фармасютикал компанийн Осака хот дахь байрыг шалгажээ.

Баасан гарагт Кобаяаши компани бүтээгдэхүүн нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоож чадаагүй байгаагаа мэдэгдээд эрх баригчидтай нягт хамтран ажиллахаа амласан юм.

Цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүний найрлагад улаан мөөгөнцрийн будаа буюу “бэни кожи” хэмээх бодис оролцдог юм байна.

Гэхдээ олон жилийн турш янз бүрийн бүтээгдэхүүний найрлагад “бэни кожи” ашиглагдаж ирснийг Кобаяаши мэдээлжээ.
Эрүүл мэндийн эхний асуудал илэрсний дараа гуравдугаар сарын 22-нд тус компани бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татсан юм.

Кобаяаши компанийн ерөнхийлөгч Акихиро Кобаяаши эрт арга хэмжээ авч чадаагүйнхээ төлөө олон нийтээс уучлал гуйж байв.

Асуудал дагуулсан бүтээгдэхүүн нь сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая орчим хувь борлогдож, Хятад, Тайвань зэрэг улсуудад экспортлогдож байжээ.

Японы засгийн газар энэ явдалтай холбогдуулан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох журмаа эргэж харах шийдвэр гаргасан байна. Журмыг шинэчлэх эсэх талаар дүгнэлт тавдугаар сард гарах ажээ.

Хятадын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага Баасан гарагт Кобаяашигийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоох уриалга гаргасан байна.

access_time 2024-04-01 19:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt