
Испанийн Барселон хотод 140 гаруй жилийн турш үргэлжилж буй Саграда Фамилиа сүмийн барилгын ажлыг 2026 онд бүрэн дуусгах төлөвлөгөөг хариуцсан албаны хүмүүс нь өчигдөр зарлажээ.
Үлдсэн зургаан цамхгийг босгосноор загалмайн шашны энэхүү аварга сүмийн барилгын ажил дуусах юм байна.
Хамгийн сүүлд босгох Есүс Христийн цамхаг нь 172.5 метр өндөр болох ажээ.
Бүтээн байгуулалт дууссаны дараа Саграда Фамилиа нь дэлхийн хамгийн өндөр загалмайн шашны сүм болох юм.
Уг нүсэр байгууламжийн бүтээн байгуулалтыг 1882 онд Каталоны архитектор Антони Гауди эхлүүлж байжээ.
Ингэхдээ 12 элч, дөрвөн номлогч, ариун Мария эх дагина, Есүс гээд Библийн гол дүрүүдийг бэлгэдсэн 18 өндөр цамхгаас бүрдэхээр төлөвлөсөн юм.
Гаудийг 1926 онд нас барахад барилгын ажил дөнгөж 10-15 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
1930-аад оны Испанийн иргэний дайн бүтээн байгуулалтыг тасалдуулснаас гадна зарим хэсгийг нь сүйтгэсэн юм.
1984 онд Юнескогийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн сүмийг 2010 онд Ромын пап XVI Бенедикт загалмайлж байжээ.
Барселон хотын эрх баригчид 2016 онд л Саграда Фамилиа ямар ч хууль ёсны зөвшөөрөлгүй баригдаж байсныг мэдээд 2019 онд нөхөн олгож байв.
