
Даваа гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын прокурорын алба тус улсын парламентын даргыг бусдаас $135,000-ын авлига авсан хэрэгт буруутгаж байгаагаа зарлажээ.
Тэрбээр батлан хамгаалахын сайдаар ажилласан гурван жилийн хугацаандаа нийт ийм хэмжээний авлига авсан юм байна.
Үндэсний Ассемблейн спикер Носививе Маписа-Нкакулаг баривчлах эсэхийг шүүх шийдвэрлэх юм.
Парламентын спикер 2016 оны арванхоёрдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэл хугацаанд 11 үйлдлээр нийт $135,000-ын авлига авсныг мөрдөж тогтоосноо прокурорууд шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтдээ дурджээ.
Тэр бас $105,000-ын авлига бусдаас нэхсэн ч авч чадаагүйг мөрдлөгийн явцад тогтоосон гэнэ.
Зөвхөн нэг сонирхолтой жишээ дурдахад 2019 оны хоёрдугаар сард Маписа-Нкакула олон улсын нисэх буудалд болсон уулзалтын үеэр бусдаас $15,000-ыг хиймэл үсний хамт авч байжээ. Авлига өгсөн хүний нэрийг прокурорын дүгнэлтэд дурдаагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагынхан спикерийн Йоханнесбург хот дахь гэрт нэгжлэг явуулж, баримт цуглуулсан юм.
Энэ ажиллагааны дараа Маписа-Нкакула өөрийн гэм буруугүйг баталж, хуулийнхантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ.
Тэрбээр одоо спикерийн ажил үүргээ түр хугацаанд гүйцэтгэхгүй байгаа.
Маписа-Нкакула өмнө нь нэг удаа бас авлигын хэрэгт холбогдож байсан ч 2021 онд парламентын ажлын хэсэг шалгалтаа зогсоож байжээ.
Гэвч нэгэн “шүгэл үлээгч”-ийн өнгөрсөн онд өгсөн мэдээллийн дагуу дахин шалгаж эхэлсэн байна.
ӨАБНУ-ын эрх баригч Африкийн Үндэсний Конгресс нам авлига, албан тушаалын олон дуулианд холбогдоод байгаагийн сүүлийнх нь энэ юм. Эдгээр дуулиан тавдугаар сарын 29-нд болох парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй байна.
