
Төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой “Цахим төв”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Орхон аймаг нь Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны бодлого чиглэл, Төрийн бүтээмжийн сэргэлттэй уялдуулан цахим аймаг болох зорилтыг тавьжээ. Тус зорилтын хүрээнд иргэдэд чанартай хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болохоор “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд хийж буй нэгэн ажил нь энэхүү Цахим төв гэдгийг аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо.
Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс өмнө нь “Нэг цэгийн үйлчилгээ”-ний зориулалтаар ажиллаж байсан төвийг орон нутгийн санхүүжилтээр шинэчлэн засварлаж ашиглалтад оруулсан байна.
