УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.04.28/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг буй болгох талаар ямар ажил төлөвлөж байна вэ, БНСУ-ын Засгийн газрын зээлээр 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдаж байна. Гэтэл цар тахлын өмнөх техник эдийн засгийн үнэлгээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад өссөн учраас БНСУ-ын тал үнээ нэмэх тухай ярьжээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэж асуув.
Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсөж байна. Өнөөдөр ажиллаж буй найман Дулааны цахилгаан станц байна. Суурилагдсан хүчин чадал 1264 мегаватт. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3000 орчим мегаватт хүртэл нэмэгдэхээр байна.
Энэхүү хэрэгцээг хангахад “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой.
Мөн нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний тохируулгын функцгүй байна. БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт Дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Бид тооцоо, үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байна гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрд 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан байгаа гэж хариулсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тонн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж 120 ам.доллар гадагшаа шилжүүлж валютын урсгалд сөргөөр нөлөөлж байна. Аль 1987 онд 5 дугаар дулаан станц барих шийдвэр гаргаж байсан. Гэтэл 30 гаруй жил өнгөрлөө. Эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатай гэв.
Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна гэлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
