
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Олон улсын аудитын байгууллагаас Хөгжлийн банканд 2022 онд аудит хийгээд зөрчилгүй гэсэн тайлан гаргасан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид болон манай улсын гадаад зах зээлд гараад байгаа ААН-үүдэд цаашид өрийн зохицуулалтаа амжилттай хийх суурь нөхцөл болсон.
Өнгөрсөн жил гадаад өрийн нөхцөл байдал ЗГ, Хөгжлийн банкны хувьд ч хүнд байсан. Энэ үед зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдэх бидний гол зорилго байлаа. Энэ зорилгодоо хүрч чадсан. Мөн Хөгжлийн банкийг 2021 онд татан буулгах хэмжээнд хүрээд байсан бол одоо үзүүлэлт нь эрс сайжирсан.
2022 оны эцэст 1 их наяд 56 тэрбум төгрөгийн чанаргүй болон үндсэн зээлээ төлүүлж Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэр нэмэгдсэн. Ингээд энэ оны 12 сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иений “Самурай” бондын төлбөрийг эргүүлж барагдуулах эх үүсвэрээ цуглуулж, бэлтгэлээ хангасан.
Харин есдүгээр сард төлөх 500 сая ам.долларын “Евро бонд” дээр яг одоо ажиллаж байна. Есдүгээр сарыг хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлөх, өөр эх үүсвэр хайж, Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрээр зээлээ төлөх итгэл, үнэмшилтэй ажиллаж байгаа” гэв.
