
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарлалаа. Түүний гол өрсөлдөгч дахин Дональд Трамп байх магадлалтай байна.
Байден өдгөө 80 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай төрийн тэргүүн болсон юм.
Тэрээр сонгуульд өрсөлдөх мэдэгдлээ гурван минутын бичлэгээр дамжуулан хүргэсэн бөгөөд энэ бичлэгээ “эрх чөлөө” гэх үгээр эхлүүлжээ. Байден кампанит ажлынхаа хүрээнд үр хөндүүлэх эрх, ардчилал болон сонгох эрхийг хамгаалах тухай, мөн америкчуудын нийгмийн баталгаа зэрэг асуудлыг чухалчлах болно гэсэн байна.
Тэрээр дөрвөн жилийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-нд анх нэр дэвшихээр болсноо зарласан видео мэдэгдлээ нийтэлж байжээ.
Гэвч сүүлийн үед олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад Байден хоёр дахь удаагаа нэр дэвшихээр болсон нь нам дотор ч, үндэсний хэмжээнд ч маргаан үүсгэж байгаа аж. Амралтын өдрүүдээр NBC News сувгийн явуулсан санал асуулгаар оролцогсдын 70 хувь нь Байденыг дэвшүүлэхийг эсэргүүцжээ. Санал асуулгад оролцогсдын бараг тал хувь нь Байдены нас гол асуудал болоод байна гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС
