
Польш, Унгарын эрх баригчид хөдөө аж ахуйн салбараа хамгаалах зорилгоор Украинаас үр тариа болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг түр хугацаагаар хоригложээ.
Евро комисс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Евро комиссын мэдэгдэлд “Худалдааны бодлого бол Европын холбооны онцгой эрх мэдэл учраас нэг талын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Польшийн эрх баригч Хууль, шударга ёс намын дарга Ярослав Качинский “Өнөөдөр засгийн газар үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг Польшид импортлохыг хориглосон шийдвэр гаргасан. Эдгээр бүтээгдэхүүнийг бүгдийг нь нэрлэх хүндрэлтэй байна. Бүгд хавсралтад байгаа” гэж намын их хурлын үеэр хэлжээ. “Польш бол Украины анд нөхөр, холбоотон хэвээр байх болно. Цаашид ч тус улсыг бүрэн дэмжинэ. Гэхдээ улс орон болгон юун түрүүнд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй” гэсэн байна.
Украины үр тариаг дотоодын зах зээлд нэвтрүүлэхгүйгээр Польшийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлж, гурав дахь зах зээл рүү гаргах систем хараахан бий болоогүй байна гэж Польшийн Хөгжил, технологийн сайд Вальдемар Буда мэдээлжээ.
Орос Украин руу довтолж, Хар тэнгисийн боомтуудыг хаасны дараа Украины үр тариаг хүлээн авдаг зах зээлүүд орлох бүтээгдэхүүнгүй болох вий гэсэн болгоомжлол байв. Ялангуяа энэ асуудал Африкийн орнуудад хамгийн хурцаар тавигдаж байлаа. Улмаар ЕХ-ны удирдлага Польш улсыг Украины үр тариаг шилжүүлэн ачих гол зангилаа болж, газар нутгаараа дамжуулан хүнсний бүтээгдэхүүн гаргах шаардлагатай гэжээ.
Украин мөн үр тариагаа Румын улсаар дамжуулан экспортолдог байна.
Польшийн компаниуд Египет болон бусад улс руу үр тариа экспортлохын оронд Украины хямдхан үр тариа худалдан авч эхэлсэн нь энэ бүтээгдэхүүний үнийг буулгаж, нутгийн тариачдыг бухимдуулсан юм.
Эх сурвалж: ВВС
