
Өнөөдөр /2023.04.07/ БГД-ийн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав Г.Энхбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний охин нэгдүгээр сарын 7-ний өдөр БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, 7 хоногийн дараа нас барсан.
Эмнэлэгт хэвтээд гурав дахь өдрөөс нь антибиотикийн эмчилгээ эхэлж байна гээд “Декса” нэртэй тариаг сувилагч хийсэн. Тэр тариаг хийж эхэлснээс шууд манай охины бие муудан хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна.
Би эрүүл мэндийн яам болон Хууль зүйн яам зэрэг олон газар өргөдөл гомдол гаргаж Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалт хийхэд яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй эмч нар амилуулах суурь эмчилгээ хийсэн гэсэн хариуг өгсөн. Тэгээд 15-ны өдөр амилуулах эмчилгээ хийж чадалгүйгээр охиноо бид алдсан. Мөн энэ БГД-т өнгөрсөн өвөл ханиадыг гэдэсний ханиад гэж хүндрүүлсэн 7 тохиолдол гарсан байна. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр сарын 16-ны өдөр охинд минь ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээ хийсэн байсан. Охиныхоо задлан шинжилгээний хариуг авах гэж олон хүнтэй уулзаж байж гурван сарын сүүлээр л авсан. Тухайн эмгэг судлалын хариуг үзэхэд манай хүүхдийг хууч өвчтэй, диатезтай, сул биетэй, төрөлхийн мариалаг, хэл ярианы хоцрогдолтой зэрэг худлаа хариунууд гарсан байсан. Би энэ хариутай санал нийцэхгүй байна гэж байцаагч, өмгөөлөгчдөө мэдэгдэж шүүгч шинжээч томилж өгөхийг хүссэн. Одоо гомдол шалгагдаж байгаа.
Охиныхоо эмнэлэгт хэвтэх үеийн алхаад явж байгаа эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг авъя гэхэд “Манай эмнэлгийн камер ажилладаггүй” гэх хариуцлагагүй хариултыг өгсөн. Хариуцлагагүй эмч, ажилчдад маш их гомдолтой байгаа учраас цаашид хандах боломжтой бүх газарт гомдол гаргаж, хариуцлага тооцох хүртэл явах болно” гэв.
