
Өнгөрсөн онд манай улс 8.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Үүний 469.2 сая ам.доллар буюу 5.4 хувийг барилгын материал эзэлжээ.
Харин дотоодын үйлдвэрлэгчид Монгол Улсын гол барилгын материалын 37 хувийг үйлдвэрлэж байна. Энэ оны байдлаар тусгай зөвшөөрөлтэй 285 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болов.
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨССӨНТЭЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛЫН ҮНЭ ОГЦОМ БУУРАХ БОЛОМЖГҮЙ
Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Дамдинсүрэн “Барилгын материалын чанар маш чухал учир бид анхаарч ажиллаж байна. 2020 онд барилгын арматур импортлогч байгууллагыг шалгахад тонн тутамд 200 кг дутсан зөрчил илэрсэн. Тухайн байгууллага нь барилгын материалын зах зээлийн арван хувийг хангадаг байсан.
Иймд бид тогтмол хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар арматурын импортлогч компаниудад хийсэн шалгалтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногт шалгалтын дүнг танилцуулна.
Барилгын гол нэр төрлийн материалын чанарт түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд боомтод барилгын материалын түргэвчилсэн лаборатори байгуулна. Тухайн барилга ямар үе шаттай, хэзээ баригдсанаасаа шалтгаалан үнэ өсөж болно. Жишээ нь цар тахлаас өмнө карказ нь байгуулагдчихсан байвал үнэ өсөх шалтгаан болохгүй.
Импортын бүх бүтээгдэхүүнд шалгуур тавьдаг. Үүнийг дотор нь
Их эрсдэл
Дунд эрсдэл
Бага эрсдэл гэж ангилсан байдаг.
Олон улсын конвенцын хүрээнд дийлэнх барилгын материал нь бага эрсдэлтэйд хамаардаг. Тиймээс зөвхөн бичиг баримтын шалгалт л хийдэг. Харин дунд эрсдэлийн ангилалд хамаарвал биет үзлэг хийх нөхцөл бүрдэнэ. 2020 онд барилгын арматурын үнэ 1.9 сая байсан бол өнөөдрийн байдлаар 2.6 сая болсон. Гэхдээ өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан үзүүлэлтэй.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой бүтээгдэхүүний үнэ огцом буурах боломжгүй. Гэхдээ зарим дотоодын үйлдвэрлэгчид үнээ буулгасан. Мөн барилгын материалын ханган нийлүүлэгч компаниуд “тээвэр ложистикийн орчин сайжрахгүй байна. Ачих, буулгах үнэ, ачааны галт тэрэгний олдоц бага учир үнэ буурахгүй байх шалтгаан болж байна” гэж хандаж байна. Манай яамнаас уг асуудалд тодорхой үе шаттай арга хэмжээ аваад явна” гэлээ.
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ ЭМ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ АДИЛТГАН АВЧ ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ
“Барилгачин” группийн үүсгэн байгуулагч Г.Батсүх “БНХАУ-ын хил нээсэн тул тээвэр ложистикийн хүндрэл буурч байна. Цар тахлын үед барилгын материалын үнэ 85 хувиар өссөн. Өнөөдрийн байдлаар 20-30 хувь буурчээ. Орон сууцны үнэ нэмэгдсэн нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой гэхээс илүү эрэлтээ дагаж өсдөг. Тухайлбал 2020, 2021 онд Засгийн газраас арван их наядын бодлого хэрэгжүүлсэн тул зах зээлд маш их мөнгө эргэлдсэн. Мөн иргэдэд өмнөх гурван жил олгосон зээлтэй тэнцэх хэмжээний ипотекийн зээл олгосонтой холбоотой. Гэхдээ цар тахлаар барилгын материалын үнэ нэмэгдсэн үед баригдсан шинэ орон сууцны үнэ өсөж болно. Харин хуучин барилгад нөлөөлөхгүй.
skip-share
Орон сууцны үнэ нэмэгдсэн нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой гэхээс илүү эрэлтээ дагаж өсдөг.
Сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн үнэ, ажиллах хүчний хомсдол бий болсон. Үүнтэй холбоотой бүтээгдэхүүн, материалын үнэ бүгд өссөн. Тиймээс цар тахлын өмнөх шиг үнэ буурна гэж бодохгүй байна. Тухайлбал 2022 онд цемент хомсдож үнэ өссөн. Монголын цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсон. Сав баглаа боодлын тасалдал, ачааны галт тэрэгний хүрэлцээгүй байдлаас болсон. Энэ жил цементийн үнэ буурах төлөвтэй. Цементийн үйлдвэрүүд бүх хүчин чадлаараа ажиллавал улсыг бүрэн хэмжээнд хангаж чадна. Гэхдээ хил дагуу байрлах аймаг, сумдууд БНХАУ-аас цемент авах нь элбэг. Мөн ковидын үед арматурын үнэ 3.3 сая байсан бол одоогоор 2.8 сая төгрөг болж буурсан.
skip-share
Цар тахлын үед арматурын үнэ 3.3 сая төгрөг байсан бол одоогоор 2.8 сая төгрөг болж буурсан.
Манай улсын барилгын материалын орчин ганзагын наймаанаас салаагүй. Хэрвээ үүнээс салгахгүй бол чанаргүй материалаар барилга баригдсаар л байх болно. Үр дүнд нь иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэл үүснэ. Эм, хүнсний бүтээгдэхүүн шиг адилтган үзэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд чанартай, чанаргүй барилгын материалаас сонголт хийдэг болчихсон. Ийм зах зээл хэзээ ч байж болохгүй. Тиймээс төр бодлогын түвшинд хяналтын тогтолцоо, эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай” гэв.
Тус чуулганаар Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, гарцыг тодорхойлон, гарсан дүгнэлт зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагад хүргэх юм.
