
“Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцлоо.
Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
түүнчлэн хүүхэд гэр бүлтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын баталгааг хангах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д энэ оны зургадугаар сард багтаан өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Боловсролын нийгмийн ажилтны ажлын ачаалал өндөр байгаа учраас үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийхээр судалж байна гэлээ.
