
2015 онд Сириэс дүрвэж ирсэн цагаач Германы баруун өмнөд Баден-Вюртембэрг мужийн нэг жижиг хотын захирагчийн сонгуульд ялжээ.
Найман жилийн өмнө Сирийн төрөлх Ас-Суваида хотоо орхин дүрвэж байсан Риан Алшебл орон нутгийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлээд өнгөрсөн Ням гарагт 55.41 хувийн саналаар Остелсхайм хотын захирагч болсон байна.
Тэрбээр Германы уугуул иргэд болох Марко Штраус, Матиас Фей нарыг сонгуульд ялжээ.
“Өнөөдөр Остелсхайм хот чөлөөт сэтгэлгээ, космополитизмын үлгэр жишээг Герман даяар харууллаа. Энэ бол хуучинсаг үзэл давамгайлдаг орон нутагт тийм амар зүйл биш юм” гэж 29 настай хотын шинэ захирагч ZDF телевизээр ярьсан байна.
Тэрбээр сонгуульд ялсныхаа дараа хамгийн түрүүнд Сирид байгаа ээжтэйгээ утсаар ярьжээ.
Баден-Вюртембэргийн хотуудын холбоо Алшеблийг тус мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж, ялсан анхны Сири гаралтай хүн болохыг баталсан байна.
Тэрбээр зургаадугаар сард ажлаа хүлээж авах юм байна.
Гадаадаас ирсэн дүрвэгчдийг Германы нийгэмд идээшүүлэн дасгах үүрэгтэй ажилладаг мужийн сайд Манне Лука “Риан Алшеблийн амжилт цагаачилж ирсэн олон хүмүүст урам зориг өгвөл би үнэхээр их баярлах болно” гэж ярьжээ.
20 нас хүртлээ амар амгалан амьдарсан Алшебл улс орон нь иргэний дайн, терроризмын гамшигт нэрвэгдэх үед Сирийн армид алба хаах, эсвэл гадаад руу дүрвэх хоёрхон сонголттой тулгарч байсан гэнэ.
Ингээд тэр Европ руу цагаачлах эрсдэлтэй аялалд гарч, Туркээс хийлдэг завиар Грекийн Лесбос аралд хүрч байжээ.
Германы канцлер Ангела Меркель 2015 онд 1.2 сая орчим Ойрх Дорнодын дүрвэгчийг хүлээн авч байв.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Алшебл хөрш Алтенгштет хотын захиргаанд ажиллажээ.
Энд өнгөрүүлсэн хугацаа, олж авсан туршлага нь түүнд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахад тус болсон байна. Герман улсын иргэн, Ногоон намын гишүүн болсон Алшебл сонгуульд ялбал Остелсхайм хотод нүүж ирэхээ сонгогчдод амлаж байжээ.
Эх сурвалж: CNN
