
Урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд буюу жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөрсдөг.
Манай оронд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм. Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг байна. Хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд хачгаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.
Хачигт хазуулбал дараах шинж тэмдгүүд илэрнэ

Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж унадаг.
Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
