
Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2021 онд 6558 бүртгэгдэж байжээ. Харин 2022 онд 11839 хэрэг бүртгэгдэж 44.6 хувь өссөн байна. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2021 онд 7637 бол 2022 онд 9315 болж 18 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах шаардлага үзсэн. Улмаар гуравдугаар сард дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Орон нутагт залилах төрлийн гэмт хэрэг мөн өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, Дундговь аймагт энэ төрлийн гэмт хэрэг 2021 онд 31 бүртгэгдэж байсан бол 2022 онд 28 бүртгэгдэж 3 нэгжээр буурсан эерэг үзүүлэлттэй байжээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар 20 бүртгэгдсэн байна.
Энэ талаар Дундговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Насанжаргал “Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн талаар судалгаа хийж үзэхэд төрийн албан хаагч 8, хувиараа хөдөлмөр эрхлэгч 6, малчин 3, ажилгүй 1 иргэн байна. Насны хувьд 22-64 насны, эрэгтэй 7, эмэгтэй 9 хүн байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг хүний нас хүйс ялгахгүй хэн ч хохирогч болох эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Хохирсон иргэдийн хохирлын мөнгөн дүн 161 сая төгрөгт хүрсэн. Гурван сарын хугацаанд 161 сая төгрөгөө залилуулснаас харахад энэ гэмт хэргийн гаралт өсөөд байвал манайх шиг бага хүн амтай аймагт бол аюулын харанга дэлдэнэ” гэв.
Орон нутагт залилах гэмт хэргийн дийлэнх хувийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, онлайнаар бараа үйлчилгээ захиалах, бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу холбогдож залилуулсан тохиолдлууд эзэлж байна. Иргэд гэнэн итгэмтгий байдал, аливаа зүйлийг нягталж шалгалгүй хоромхон зуур сэтгэлд хөдлөлдөө автдаг, амар хялбар аргаар ашиг олох гэсэн зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна.
Иймд иргэд худалдан авах харилцаанд орохдоо аливаа асуудлыг бүх талаас сайтар шалгаж нягтлах хэрэгтэй. Мөн бага хэмжээний зарлагаар их хэмжээний ашиг олно гэсэн аливаа боломжгүй мэдээлэлд итгэхгүй байхын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
