
“Арвис энтернейшнл” ХХК-иас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар мэдээллээ.
“Манай компани нь ЭМЯ-ны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгыг 2020 оны 5 дугаар сард барьж дуусган, улсын төсөвт тусгагдаагүй мөнгийг өөрийн хөрөнгөөс гарган хийж дуусгаж есдүгээр сард хүлээлгэн өгсөн.
ЭМЯ-наас 2020 оны аравдугаар сард багтааж үлдэгдэл санхүүжилтээ бүрэн өгнө хэмээн хүлээн авсан ч төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж 2020 оны 6 дугаар сарын 6-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 1,957 тэрбум төгрөгийг авахаар болсон ч өгөхгүй хэвээр байна. Түүнээс гадна манайд олгох санхүүжилтийг Сангийн яамнаас өөр компанид шилжүүлчихсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, УИХ-аас баталсан төсвийн тухай хуулиа зөрчсөн.
“Үлдэгдэл төлбөрөө авъя” гэхээр “Өмнө нь байсан удирдлагаасаа авахгүй юу” хэмээх хариуг хэлдэг. Тиймээс бид ЭМЯ-нд шаардлага хүргүүлэх ба хариуг ирүүлтэл яамны гадаа зогсох болно. Хэрэв өнөөдөртөө хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.
Монгол Улс шүүх засаглалтай, хуультай ч өнөөг хүртэл шийдвэрийг нь биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах болно.
Бид холбогдох албан бичгийг удаа дараа өгч байсан ч ямар ч хариу байхгүй, хариуцах эзэн байхгүй. Сайд Б.Энхболд ч уулздаггүй. Үлдэгдэл 671 сая төгрөг бий. Манай компанид зээл авсан байгууллагуудын барьцааны хөрөнгө эхнээсээ хураагдаж байна. Ажилтнуудын гэрт нүүрс түлээ, хоол хүнсгүй, гурван жилийн өмнө авах ёстой ажлын хөлс болох хэдэн төгрөгөө хүлээж сууна.
Тэрхүү эмнэлэгт ашиглалтад ороод гурван жил үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Ашиглалтад орох боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн зүйл байхгүй. Анх 2013 онд 4 тэрбум 58 сая төгрөгөөр гэрээ байгуулж 50 ортой эмнэлгийн батлагдаагүй зураг төслөөр барилгын ажлыг эхлүүлсэн. Дараа нь 2018 онд 100 ортой барилгын зураг төслийг бид өөрийн хөрөнгөөр өөрчлүүлэн барьж 2020 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан. Улсын комисс хүлээн авсан барилга. Хэрэв комисс хүлээн аваагүй бол эмнэлэг үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ” гэв.
Тэд өнөөдөр 12:00 цагт ЭМЯ-нд Б.Энхболдтой сайдтай уулзан, шаардлага хүргүүлнэ гэлээ.
