
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж Монгол Улсын Соёлын элч, уран бичээч, каллиграфер Э.Ариунболдын “Монголын Эзэнт гүрний Их хаадын захидлууд, зоосон тэмдэгтүүд” үзэсгэлэнгийн нээлт Астана хот дахь Казахын нэрт яруу найрагч Сакен Сейфуллиний музейд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Б.Дамба, тус музейн захирал Казахстан Улсын Төрийн соёрхолт, Яруу найрагч Несипбек Айтулы, Монгол Улсын Соёлын элч, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Т.Акедил нар оролцов.
2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл болсон энэ үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Соёлын элч, уран бичээч, каллиграфер Э.Ариунболд өөрийн уран бүтээлийг тайлбарлахын зэрэгцээ үзэгчдэд нэрийг нь монгол бичгээр бичиж өгч байсан нь тэдний талархлыг ихэд хүлээж байв.
Хаалтын ажиллагааны дараа Монгол Улсын Соёлын элч, уран бичээч, каллиграфер Э.Ариунболдыг Элчин сайдын яаманд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.




