Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын башё өндөрлөж, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Ес дэх удаагаа эзэн хааны цомыг хүртэж буй түүний энэ их амжилтын ард М.Баттуул гэх ухаалаг монгол бүсгүй бий. Ама сумогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авч байсан гэдэг. Мөн л энэхүү дүрэм ёсоор энэ оныхоо есдүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байсан юм. Харумафүжиг Монголчууд япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр бодож байсан ч 2011 онд монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Аав нь “миний хүү монгол охинтой гэр бүл болоорой” гэж захисныг тэрээр хуримынхаа үеэр Японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Нэгэн үе модель Пүрэвсүрэнтэй нэр холбогдож явсан Ама намба сууж сайн ханын хайр халамжинд умбаж явааг түүний амжилтаас харж болохоор. М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн чамгүй боловсролтой нэгэн юм.

