Бангладешийг 15 жил удирдсан Ерөнхий сайд асан Шейх Хасина эх орноосоо дүрвэснээс хойш хоёр жилийн дараа буцаж ирэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ түүнийг эх орондоо хөл тавьсан даруйд баривчлагдаж, цаазаар авах ял гүйцэтгүүлэх эрсдэл хүлээж байна.
Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Хасина ирэх арванхоёрдугаар сарын 16-нд Бангладешт буцах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ өдөр нь Бангладеш улс 1971 онд Пакистанаас тусгаар тогтносны ойн өдөр юм.
Шейх Хасина 2024 оны наймдугаар сард оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал орон даяар өргөжиж, эрх мэдлээ алдахаас өөр аргагүй болсон. Тухайн үед жагсагчдыг хүчээр тараах тушаал өгч, олон зуун хүний амь нас хохироосон хэрэгт буруутгагдсан бөгөөд улмаар шүүх түүнийг эзгүйд нь цаазаар авах ял оноосон юм.
НҮБ-ын мэдээллээр, тухайн үеийн эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас 1,400 хүртэл хүн амиа алдсан байж болзошгүй байна.
Хасина одоогоор Энэтхэгт цөллөгт амьдарч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр эх орондоо эргэн ирж, өөрийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Гэвч Бангладешийн Засгийн газар түүнийг шууд эх оронд нь нэвтрүүлэх бус, Энэтхэгээс албан ёсоор шилжүүлэн өгсөн тохиолдолд хүлээн авах байр суурьтай байгаа аж. Засгийн газар түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтээ Энэтхэгт хүргүүлсэн гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Харин Хасинагийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг Бангладешийн үндэсний агаарын тээврийн онгоцоор Дели хотоос Дакад буцаахыг хүссэн байна.
Олон улсын гэмт хэргийн шүүхийн ерөнхий прокурор Аминул Ислам ял сонссон, оргон зайлсан этгээдийг Засгийн газар өөрөө эх оронд нь авчрахыг хүлээх нь үндэслэлгүй гэж үзжээ. Мөн давж заалдах хугацаа дууссан тул Хасина эх орондоо буцаж ирвэл түүнд оноосон ялыг хэрэгжүүлэхэд хууль зүйн саад байхгүй гэж прокурорын зүгээс анхааруулсан байна.
Ийнхүү 15 жил төрийн эрх барьсан Шейх Хасинагийн эх орондоо буцах төлөвлөгөө түүний хувьд улс төрийн эргэн ирэлт болох уу, эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу хорих ял, цаазаар авах ялтай нүүр тулах алхам болох уу гэдэг анхаарал татаж байна.ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
