Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” шалгарчээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд сонгон шалгаруулалтын үр дүнг танилцуулсан байна.
Тодруулбал, төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авсан байна.
Шалгарсан компани үйлдвэрийн төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулалт хийх, барилга угсралт болон ашиглалтыг хариуцах санал ирүүлжээ. Мөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийг барьж, 1800 ажлын байр бий болгох бөгөөд нийт ажилтны 70 хувийг монгол иргэдээр бүрдүүлэхээр санал болгосон байна.
Түүнчлэн үйлдвэрийн хүчин чадлыг цаашид нэг сая тонноор нэмэгдүүлэхэд 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх санал дэвшүүлжээ.
806 сая ам.долларын хөрөнгө оруулалт, 645 сая ам.долларын борлуулалтын тооцоо
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулахаар төлөвлөж буй гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал жилд 645 сая ам.долларын борлуулалт хийж, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэж тооцжээ.
Мөн 1650 ажлын байр бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, ган бүтээгдэхүүний импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо гаргасан байна.
Арматурын үнэ 20 орчим хувиар буурах уу?
Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх төлөвтэй байна.
Өнөөдөр дотоодын хэрэгцээг хангахын тулд импортод түшиглэж буй ган бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550–600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой гэж үзжээ.
Гэхдээ энэ нь урьдчилсан тооцоо бөгөөд үйлдвэрийн бодит хүчин чадал, үйлдвэрлэлийн өртөг, түүхий эдийн хангамж, зах зээлийн нөхцөлөөс хамаарах юм.
Одоо шалгарсан хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэнэ. Ингэхдээ санхүүжилт, технологи, байгаль орчны асуудал, талуудын эрх үүрэг, эрсдэлийг нарийвчлан тохирохоор төлөвлөжээ.
Төслийн хүрээнд үйлдвэрийг 2027–2029 онд барьж байгуулж, 2029 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Харин 806 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэ төслийн санхүүжилт бодитоор хэрхэн бүрдэх, Монголын талын эзэмшил, хяналт ямар нөхцөлтэй байх, амласан ажлын байр болон эдийн засгийн үр өгөөж гэрээнд хэрхэн баталгаажих нь цаашид анхаарах гол асуудал юм.
