Бельгид ажиллаж, амьдарч буй монголчуудыг жагсаал, цуглаанаас хол байхыг анхаарууллаа. Нийтийн тээврийн хөдөлгөөн ч саатаж болзошгүй байна.
Ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 23-нд Бельги улс даяар үндэсний хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд албан ёсны сэрэмжлүүлэг хүргүүлжээ.
Тус улсад одоогоор 2500 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэх статистик бий. Элчин сайдын яамнаас жагсаал, цуглаан болж буй бүсээс хол байх, олон хүнтэй газраар зорчихдоо бичиг баримт, гар утас болон хувийн эд зүйлсээ сайтар хамгаалахыг анхааруулсан байна.
Хэрэв жагсаалын үеэр эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүсвэл тухайн газраас тайван, аюулгүй холдож, цагдаа болон онцгой байдлын байгууллагын зааврыг дагахыг сануулжээ.
Хамгийн гол нь эсэргүүцлийн арга хэмжээ нийтийн тээврийн үйлчилгээнд ч нөлөөлөхөөр байна. Автобус, трамвай, метроны яг аль чиглэлд саатал гарах, хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Харин Брюсселийн нийтийн тээврийн STIB байгууллага арваннэгдүгээр сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн Facebook, Instagram, WhatsApp, албан ёсны аппликейшн болон вэбсайтаараа дамжуулан мэдээлэл хүргэхээр болжээ.
Иймд Бельгид байгаа монголчууд зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөж, шаардлагагүй тохиолдолд жагсаалын бүс рүү очихгүй байхыг Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Европт ажиллаж, амьдралаа босгож яваа 70 гаруй мянган монгол иргэний аюулгүй байдал анхаарал татаж байна. Тэдний 2500 орчим нь Бельгид амьдарч буй энэ үед Элчин сайдын яамны сэрэмжлүүлгийг үл тоомсорлож болохгүй.
