Төрөлт 3.9 хувиар буурч, нас баралт нэмэгдсэн нь хүн ам зүйн таагүй дүр зургийг илтгэв.
Монгол Улсад хүүхэд төрүүлэх нь цөөрч, нас баралтын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 38,829 эх амаржиж, 39,149 хүүхэд мэндэлжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс амаржсан эхийн тоо 1,596-аар, төрсөн хүүхдийн тоо 1,584-өөр тус тус буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төрөлт 3.9 хувиар агшжээ.
Мянган хүнд ногдох төрөлт ч өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурсан байна. Нийслэл болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт төрөлтийн түвшин улсын дунджаас өндөр байгаа бол бусад аймагт харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.
ЗАЛУУС ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООС ИЛҮҮ КАРЬЕР, АМЬДРАЛАА БОДОЖ БАЙНА УУ?
Төрөлт буурах болсон шалтгааныг мэргэжилтнүүд залуусын гэр бүл төлөвлөлт, боловсрол, карьерын сонголттой холбон тайлбарлаж байна.
Гэвч залуус хүүхэдтэй болохоо хойшлуулахад зөвхөн хувийн хүсэл нөлөөлж байна уу? Орон сууцны үнэ, амьжиргааны өртөг, цалин орлого, хүүхэд өсгөх зардал ч бодит нөлөө үзүүлж байгаа эсэх нь анхаарал татах асуудал юм.
Нөгөө талд өсвөр насныхны хүсээгүй жирэмслэлт, эрт үеийн төрөлт болон үр хөндөлтийн асуудал хөндөгдсөөр байна. Энэ нь бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн мэдлэгийг хүүхэд, залуусын дунд хэрхэн олгож байгааг эргэн харах шаардлагатайг харуулж байна.
ХҮҮХЭД ТӨРӨХ НЬ ЦӨӨРЧ, ХҮН НАС БАРАХ НЬ НЭМЭГДЭВ
Төрөлт буурсан үзүүлэлттэй зэрэгцэн нас баралтын тоо өссөн нь бүр ч анхаарал татаж байна.
Энэ оны эхний есөн сард Монгол Улсын хэмжээнд 13,331 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 168 хүнээр буюу 1.3 хувиар нэмэгджээ.
Мянган хүнд ногдох нас баралтын түвшин Улаанбаатар хот болон Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дунджаас өндөр байна.
Төрөлт буурч, нас баралт өсөж буй энэ статистик нь Монгол Улсын хүн амын өсөлт, ирээдүйн хөдөлмөрийн нөөц, нийгмийн хамгааллын тогтолцоонд анхаарах шаардлагатайг сануулж байна.
Хүн амын өсөлт саарч буй энэ үед залуусыг хүүхэдтэй болохыг уриалах төдий бус, хүүхэд өсгөхөд эдийн засгийн бодит боломж, тогтвортой орчин бүрдүүлж чадаж байгаа эсэх нь төрийн бодлогын гол асуулт болж байна.
