Орос, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээнд Европ илүү идэвхтэй оролцохыг зорих болсон. Энэ чухал цаг үед Европыг төлөөлж Путинтэй хэлэлцээ хийх удирдагчдаар Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Чехийн ерөнхийлөгч Петр Павел, Данийн ерөнхий сайд Метте Фредериксен, Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёре нарын нэр яригдаж байна. Европын дипломат албаныхан энхийн төлөөлөгчийн үүргийг хүлээж авах боломжтой хүмүүсийн байр суурийг судалж эхлээд байгаа аж.
Энэхүү хэлэлцүүлэг нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Путинтэй шууд харилцаа тогтоох бодлого баримталж буйтай холбоотой. АНУ, ОХУ хоёр Европын холбоотнуудыг оролцуулахгүйгээр энхийн хэлэлцээрийн нөхцөлийг өөрсдөө тохиролцож болзошгүй гэсэн болгоомжлол Европын орнуудад нэмэгдээд байгаа юм.
Трамп энхийн хэлэлцээр байгуулахыг хичээж байгаа ч Украины нутаг дэвсгэртэй холбоотой голлох шаардлагуудаасаа Орос ухрахгүй байгаа үйл явц ахиц муутай байна. Трампын тусгай элч Стив Виткофф хэдхэн хоногийн өмнө Санкт Петербург хотод Путинтэй уулзсан. Энэ уулзалтын дараа Кремль ирэх арваннэгдүгээр сард Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг сэргээхэд зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ч гурван талт уулзалт арваннэгдүгээр сарын эхээр болж магадгүй гэж мэдэгдсэн билээ. Гэсэн ч одоогоор хоног хугацаа товлосон зүйл үгүй.
АНУ энхийн яриа хэлэлцээтэй зэрэгцүүлэн Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээхийг оролдож байна гэсэн шүүмжлэл ч гарч иржээ. Яагаад гэвэл АНУ-ын Сангийн яамны төлөөлөгчид Путины эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч Кирилл Дмитриевтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан гэдгийг Виткофф баталсан юм.
Европын орнуудын хувьд Оростой хэлэлцээ хийх шаардлагатай гэдэг дээр юун түрүүнд зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Дараа нь ямар байр суурь баримтлах вэ гэдэг дээрээ санал нэгдэх шаардлагатай юм.
Европыг хэн төлөөлөх талаар одоогоор зөвшилцөлд хүрсэн зүйл үгүй. Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль энэ ажлыг удирдах санал гаргасан ч шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта саяхан болсон Европын холбооны удирдагчдын уулзалтын үеэр уг үүргийг хүлээхээс татгалзжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, холбоотнууд ганц хүнийг бус хэд хэдэн удирдагчаас бүрдсэн баг ажиллуулах хувилбарыг авч хэлэлцэж байна. Ингэснээр улс орнуудын хоорондын өрсөлдөөн багасаж, аль нэг нэр дэвшигчийг хориглох эрсдэл буурна гэж үзэж байгаа аж.
Европын тусгай төлөөлөгчийн асуудал өнөөдөр л анх удаа яригдаж байгаа юм биш. Жоржиа Мелони өнгөрсөн зургадугаар сард Украин, Оросын хэлэлцээнд Европыг төлөөлөх боломжит хүнээр Стуббыг дэмжиж байжээ. Финландын Стубб, Чехийн Павел нар ч хамгийн боломжит нэр дэвшигчдийн тоонд багтаж байна.
Стуббын хувьд Украинд дэмжлэг үзүүлэх Европын дипломат хүчин чармайлтад идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Трамптай ойр харилцаатай нэгэн.
Тэрбээр аравдугаар сарын 20-нд Осло хотод болсон уулзалтад Зеленский, Виткофф нартай хамт оролцжээ. Мөн тэрбээр Оросыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд ахиухан шахалт үзүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг. Оросын нутаг дэвсгэр дэх алсын тусгалтай цохилтууд энхийн хэлэлцээний ширээнд суухад нь түлхэц болж магадгүй гэж Стубб наймдугаар сард мэдэгдэж байжээ.
НАТО-гийн Цэргийн хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай Петр Павелын хувьд цэргийн мэдлэг, НАТО болон Оросын харилцааны туршлагаараа боломжит нэр дэвшигчдийн нэг гэж үнэлэгдэж байна. Тэрбээр “Европын өмнөөс дуугарах нэг хүн, эсвэл бүлгийг томилох шаардлагатай. Ерөнхийлөгч Путин Европын холбоог хэлэлцээ хийх эрх бүхий тал гэж үздэггүй. ОХУ Европын хэд хэдэн өндөр албан тушаалтан, удирдагчтай харилцахаа больсон” гэжээ.
Павелын үзэж буйгаар Европын удирдагчид энхийн төлөөлөгчөөр хэлэлцээнд оролцох нь ОХУ болон барууны орнууд хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулахаас сэргийлнэ.
Мөн тэрбээр худалдаа, бизнесийн харилцааг сэргээх боломжийг санал болговол ОХУ хэлэлцээ хийхийг хүсч магадгүй гэжээ. Хориг арга хэмжээний тухайд ОХУ гал зогсоох болон энхийн үйл явцыг бүрэн зөвшөөрсөн тохиолдолд л цуцлах хэрэгтэй гэж Павел үзэж байна.
ПУТИНЫ СОНГОЛТ
Путин 1998-2005 онд Германы канцлераар ажиллаж байсан Герхард Шрёдерийг Европын төлөөлөгчөөр ажиллаасай гэж хүсч буйгаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн байдаг.
Гэвч энэ санал германчуудыг эргэлзүүлсэн юм. Герман Путины мэдэгдлийг анхааралтай авч үзсэн ч нөгөө талаас үүнийг Оросын үндэслэлгүй саналуудын нэг гэж хүлээж авчээ.
Шрёдер албан тушаалаас бууснаасаа хойш Путинтэй ойр харилцаагаа хадгалж, Оросын эрчим хүчний ашиг сонирхолтой холбоотой хэд хэдэн өндөр албан тушаалыг хашсан. Мөн тэрбээр Оросын Украин дахь дайныг хэзээ ч ил тод буруушааж байгаагүй нэгэн.
Түүнийг энхийн хэлэлцээчийн албан тушаалд томилох асуудал Германы Социал демократ намын дотор ч санал зөрөлдөөн үүсгэжээ. Социал демократ намын гишүүн асан Михаэль Рот “Энхийн зуучлагч нь Путинтэй дотно хүн байж болохгүй. Ямар ч нэр дэвшигч байлаа гэсэн юун түрүүнд Украинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүнийг Орос ч, бид ч өмнөөс нь шийдэх боломжгүй” гэжээ.
Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кажа Каллас ч “Европын төлөөлөгчийг Орос сонгох ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Мөн тэрбээр Шрёдерийг Оросын төрийн өмчит компаниудын өндөр түвшний лоббичин гэж тодорхойлоод, “Путин хэлэлцээний ширээний хоёр талд зэрэг суудаг хүнийг хүсч байна” гэжээ.ЭХ СУРВАЛЖ: Kyiv Post
