УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн хагасыг эхлүүлж байгаа нь энэ. Жил бүрийн намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал нь улсын төсөв. Өнгөрсөн жилийн намрын чуулган төсөв хэлэлцэх цаг хугацаагаа эрх баригч намын дотоод асуудал зарцуулж, төсвөөс хуулийн хугацаанд нь тулган баталж байлаа. Энэ жил ч мөн ялгаагүй эрх баригчид төсвөө хэлэлцэхээсээ өмнө нам, засгийнхаа дотоод асуудлыг хэлэлцэх шаардлагатай болж байна. Сүүлийн өдрүүдэд эрх баригч МАН-ын дотоод хагарал улам нэмэгдэж эхэллээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг эрх баригчид эрс шүүмжилж, Ерөнхий сайд Н.Учралыг өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж мэдэгдээд байна. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв хууран мэхлэлт, залилангийн шинжтэй төсөв болсон байна. Энэ бол хэрэгжих боломжгүй төсөв. Цалин, тэтгэвэр нэмж байгаа нэртэй боловч нөгөө гараараа инфляцыг нэмэгдүүлэх, иргэдиин худалдан авах чадварыг бууруулсан төсөв өргөн барилаа. Энэ бол хууран мэхлэлт.
Хоёрдугаарт, энэ төсөв батлагдахгүй бол АН руу бүх бурууг чихнэ гэж төлөвлөсөн бололтой. “Цалин, тэтгэвэр нэмэх гэсэн чинь АН эсэргүүцлээ” гэж буруутгах юм байна. Энэ бол заль.
Төсөв, төсвийн тодотголыг энэ чигээр нь баталбал улс орон сүйрнэ. Инфляц, үнэ ханшийн өсөлт олон хувиар нэмэгдэнэ. Тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ гэсэн. Гэвч 20 хувийн инфляцтай болчихвол ямар ч үр дүнгүй.
Н.Учрал Ерөнхий сайд огцрох ёстой. Гэхдээ Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж иртэл шахаж ажилла” гэсэн чиглэл өгсөн. Ерөнхий сайд төсвөө батлуулахаасаа өмнө энэ бодлогыг нь УИХ дэмжиж байгаа эсэхээ шалгуулж итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ирэх хэрэгтэй. Бас сайд нар нь Ерөнхий сайддаа итгэхгүй байна. Энэ Засгийн газарт танхимын зарчим алга. Бас худал, хулгайн асуудал хэрээс хэтэрлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ял наймаалцаж байгаа тухай бичлэг цацагдсан. Гадаад харилцааны сайд нь гадаад паспортыг хувийнхаа компанид хэвлэдэг болтлоо замбараагүйтлээ” гэсэн юм. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бус чуулганы хаалтад оролцсонгүй. Ийнхүү сөрөг хүчний дотоод хагарал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл дээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхэллээ.
Улс төрд өрнөж буй үйл явдлуудаас харахад өнөөдөр нээлтээ хийх намрын ээлжит чуулган олон асуултад хариулт өгөх чуулган болох нь. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэх үү, оруулж ирвэл хэрхэн шийдэгдэх вэ, засагт итгэл үзүүллээ гэхэд танхимынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу, төсвийн тодотгол, төсвийг хэрхэн батлах вэ зэрэг олон асуултад өнөөдөр нээлтээ хийж буй намрын чуулган хариулт өгнө.
