. Хуримтлуулсан мөнгөө зарцуулах шинэ боломжуудаар иргэдээ хангах энэ кампанит ажлыг тансаг хэрэглээгээрээ танигдсан удирдагч Ким Жон Ун өөрөө удирдан зохион байгуулж байна.
Хятадын гаалийн статистик энэ өөрчлөлтийг бэлээхэн харуулж байна. Жишээлбэл, сүүлийн 10 жилийн хугацаанд Хойд Солонгост массажны төхөөрөмжийн импорт 40 дахин өсчээ. Мөн гүйлтийн замын импорт 600 гаруй хувиар нэмэгдсэн бол төгөлдөр хуур, мөргөлддөг тоглоомон машин зэрэг бүтээгдэхүүний импорт ч эрчимтэй өссөн байна.
“Reuters” агентлаг энэ статистикийг баталгаажуулахаар сүүлийн үед тус улсад зорчсон таван хүн, дүрвэн гарсан хоёр хүнтэй тус тус ярилцжээ. Энэхүү ярилцлагын үндсэн дээр Хойд Солонгост тансаг худалдааны төвүүд, далайн эргийн амралтын бүсүүд, цанын баазууд олноор байгуулагдаж байгааг олж тогтоосон байна.
Энэ өөрчлөлтийн цаад зорилго нь зүгээр нэг хүмүүсийг тав тухтай амьдруулах ч биш юм. Иргэдийн хэрэглээг төрийн хяналттай худалдаа, үйлчилгээ, амралт чөлөөт цагийн сүлжээгээр дамжуулснаар Ким Жон Ун засгийн газрын хяналтыг улам бэхжүүлж, албан бус зах зээлийг шахан, цөмийн зэвсэгтэй улсдаа орлогын шинэ эх үүсвэр бий болгож байна.
“Ингэснээр зах зээлд төвлөрсөн үйлдвэрлэл, түгээлт, хөрөнгийн урсгалыг төрийн удирддаг албан ёсны эдийн засгийн орон зай руу татан оруулж байна” гэж Сөүлд төвтэй “Hyundai Research Institute” хүрээлэнгийн судлаач Кан Сон Хён хэлжээ.
НҮБ-аас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилгоор тансаг хэрэглээний бараа, эрчим хүч, ашигт малтмалтай холбоотой худалдаанд хатуу хориг тогтоосон хэвээр байгаа. Гэтэл энэ хоригийн хажуугаар иргэдийн тансаг хэрэглээг дэмжих бодлого хэрэгжээд эхэллээ гэсэн үг.
Өмнөд Солонгосын Төв банкны мэдээлснээр, Хойд Солонгосын эдийн засаг 2025 онд 3.5 хувиар өссөн бөгөөд энэ нь гурав дахь жилдээ дараалан гурван хувиас дээш өсөлттэй гарсан үзүүлэлт болжээ. Энэ өөрчлөлт гаднынхны анхаарлыг ч татаж эхэлсэн байна. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан өнгөрсөн тавдугаар сард Пёньянд айлчилсныхаа дараа хотын хөгжил гайхалтай байгааг онцолж, Зүүн Азийн орчин үеийн хотуудтай ялгаа алга гэжээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн зарим бичлэгээс харахад, Пёньянд өнгөрсөн онд нээгдсэн “Rangnang Aeguk Kumgang Service Complex” тансаг худалдааны төвд хүмүүс капучино ууж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонирхон худалдаж авах аж. Хоёр жилийн өмнө нээгдсэн “Hwasong Taedonggang” нэртэй шар айрагны ресторан л гэхэд төрийн хэвлэлүүдийн онцолдог алдартай газрын нэг болжээ. Түүнчлэн Ким Жон Ун охин Ким Чу Аэгийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр нээгдсэн амьтны дэлгүүрээр зочилсон нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.
Тэгвэл Пёньян энэ мэт амралт, зугаа цэнгэлд зориулсан газруудын бүтээн байгуулалтын санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ?
Шинжээчдийн үзэж буйгаар, Пёньян криптовалют хулгайлах ажиллагаанаас олсон орлого, Оросын талд байлдуулахаар Украинд илгээсэн цэргүүдээс орж ирсэн төлбөр, нүүрс болон бусад ашигт малтмалын экспортын орлогоор энэ бүхнийг болгож байна.
АНУ болон бусад орны албаныхан, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд криптовалютын томоохон хулгайн хэргүүдийг Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй хакерын бүлгүүдтэй холбон тайлбарласаар ирсэн. Харин хойд солонгос цэргүүд Орос, Украины дайнд оролцсоноор өнгөрсөн хугацаанд 14.4 тэрбум ам.доллар хүртэлх орлогыг улсдаа төвлөрүүлсэн гэдгийг Өмнөд Солонгосын засгийн газрын санхүүжилттэй Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэн тооцоолжээ.
Гэтэл энэ их хуримтлагдсан мөнгө эргээд шинэ асуудал үүсгэжээ. Тодруулбал, найман сая орчим хүнээс бүрдэх дундаж давхарга хадгаламжтай болсон ч тэр мөнгөө зарцуулах газаргүй байв.
Ким Жон Ун энэ асуудалд шийдэл олсон нь иргэдийн хэрэглээг дэмжих явдал байв. “Ингэвэл иргэдийн бухимдал буурч, мөнгө нь будаа зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөхийн оронд дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг” гэж Венийн их сургуулийн профессор Рюдигер Франк хэлжээ.
“Reuters” агентлаг Хойд Солонгосын төрийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн 1200 гаруй мэдээ нийтлэлд дүн шинжилгээ хийж үзсэн байна. Үр дүнд нь 2022 оноос хойш аялал жуулчлал, амралт, соёлын амьдралын тухай мэдээлэл хэвлэлээр гарах нь эрс нэмэгдсэн болохыг тогтоожээ. Энэ нь үзвэр үйлчилгээний газар олноор нээгдэж, хуучин байгууламжууд ч шинэчлэгдэх болсонтой холбоотой. 2025 оны зун нээгдсэн Вонсан Калма далайн эргийн амралтын бүс, Хятадтай хиллэдэг Самжиёнд өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон таван одтой тансаг зочид буудал, түүний ойролцоо баригдаж буй цанын бааз, зүүн хойд бүсэд байгуулагдсан усан парк, морин спортын клуб зэрэг олон бүтээн байгуулалтыг энд дурдаж болно.
Өнгөрсөн сард цаг агаар хэт халсан өдрүүдэд Вонсан Калма далайн эргийн амралтын бүс дотоодын жуулчдаар дүүрсэн байсан. Гэр бүлээрээ амрахаар очтол зочид буудалд нь сул өрөө ч олдоогүй гэдгийг дотоодын эх сурвалж хэлэх аж. Вонсан Калма амралтын бүс 2025 оны хоёрдугаар хагаст 300 мянга гаруй дотоодын жуулчин хүлээн авчээ.
Бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Ким Жон Ун улс орон даяар номын сан, ресторан, кино театр бүхий амралт, үйлчилгээний өөр бусад цогцолборуудыг ч төлөвлөж байгаа аж. Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэдгээрийн дор хаяж 20 гаруй нь аль хэдийнэ ашиглалтад орсон, эсвэл ид баригдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
