Наймдугаар сарын 17-ны өглөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүг ердийнхөөс олон машин хөдөлж, замын уулзвар бүрд цагдаа нар ажиллаж байлаа. Хүрээлэнгийн орчимд нийтийн тээврийн автобуснууд зогсож, хүзүүндээ үнэмлэх зүүсэн гадаадын төлөөлөгчид цүнх, бичиг баримтаа барьсаар хурлын талбайг чиглэнэ. Зарим нь бүртгэлээ хийлгэхээр дугаарлаж, зарим нь хамгаалалтын шалган нэвтрүүлэх хэсгээр орж, бүртгэлээ хийлгэсэн төлөөлөгчид жижиг гольфын машинд суун хурлын павильонуудыг зорьж байв.
Ердийн үед өглөө, оройд хүмүүс алхаж, хүүхдүүд тоглож, спортоор хичээллэдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэг өнөөдөр дэлхийн олон орны төлөөлөгчдийг хүлээж авчээ. Орон орны хэлээр ярилцах хүмүүсийн дуу энд тэндгүй сонсогдож, хүзүүндээ үнэмлэх зүүсэн төлөөлөгчид нэг танхимаас нөгөө рүү яаран алхана.
Энэ бол НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хурал буюу COP17-ын эхний өдөр.
Хамгаалалтын шалган нэвтрүүлэх хэсгийг өнгөрөөд Цэнхэр бүс рүү орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байрлах энэ бүсэд COP17-ын үндсэн хэлэлцээ, уулзалт, албан ёсны арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Шалган нэвтрүүлэх хэсгээс цааш мэдээллийн цэг, хурлын танхимууд, тодорхой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх павильонууд үргэлжилнэ. Энд газрын доройтол, ган, ус, бэлчээр, хүнсний тогтолцоо зэрэг асуудлыг хоёр долоо хоногийн турш хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хурлын танхимуудын хажуугаар төлөөлөгчид уулзаж ярилцах хэсэг, кофе шоп, хоолны газар, Монголын уламжлал, соёлыг гадаадын зочдод танилцуулах хэсэг ч бий. Сайн дурын ажилтнууд төлөөлөгчдөд зам зааж, асуултад хариулж, хамгаалалтынхан нэвтрэх хөдөлгөөнийг зохицуулах аж.
COP17-д оролцохоор 20 мянга орчим хүний хүсэлт ирснээс эхний өдрийн байдлаар 13 мянга орчим хүнийг бүртгээд байна. Зохион байгуулагчид 10 мянга орчим оролцогч хүлээж байсан ч бодит бүртгэл хүлээлтээс хоёр дахин нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор бүртгэлийн ачааллыг бууруулахын тулд конвенцын зүгээс бүртгэлийг хоёр хоног түр зогсоосон байна.
