АНУ-д инфляци хөөрөгдөж, Ирантай үүсгэсэн дайны нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед Ерөнхийлөгчийн ийм үрэлгэн, нүсэр цэнгүүн зохион байгуулж байгааг шүүмжлэгчид “ёс зүйгүй үйлдэл” хэмээн буруутгаж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн тэргүүн энэхүү чамирхал, гял цал байдлын гол төвд байна.
Дональд Трамп ням гарагт өөрийн 80 насны ойг өөртөө итгэлтэй, даацтай бөгөөд өвөрмөц хэв маягаар тэмдэглэж байна. АНУ-ын түүхэнд албан тушаалаа хашиж буй хамгийн өндөр настай ерөнхийлөгч тэрээр Цагаан ордны зүлгэн дээр цус асгарсан торны тулааныг зохион байгуулж байгаа юм.
Урьд өмнө үзэгдээгүй “UFC Freedom 250” хэмээх энэхүү тэмцээний үеэр Төгс тулааны аваргын (UFC) шилдэг 14 тамирчин Цагаан ордонд тусгайлан зассан “Хумс” (The Claw) хэмээх аварга том арена дотор хоорондоо ширүүн тулалдах аж.
Нийт 60 сая ам.долларын өртөгтэй уг арга хэмжээ нь энэ жил тохиож буй АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баяртай албан ёсоор холбогдож байгаа ч, цаг хугацааны хувьд Трампын ес дэх арван руугаа орж буй төрсөн өдөртэй яг давхацжээ.
Америкийн хамгийн алдартай арын хашаанд ийм төрлийн хүчирхийллийн шинжтэй шоу цэнгээн зохион байгуулж буйг шүүмжлэгчид эрс буруутгаж байна. Тэдний үзэж буйгаар, Ирантай хийж буй дайны улмаас жирийн иргэдийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад ийм үрэлгэн баяр хийх нь цагаа олоогүй үйлдэл ажээ.

Хэдийгээр Тегераны зүгээс дайныг дуусгах талаар цаг хугацааны хувьд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн ч, тэрбумтан ерөнхийлөгч Трамп өөрийн төрсөн өдрөөрөө Иран улстай олон жил хүлээсэн энх тайвны хэлэлцээрийг үзэглэж магадгүй байна.
Өөрийнх нь улс төрийн гол дэмжигчид болох эрэгтэй сонгогчдын сонирхдог тулааны спорттой гүнзгий холбоотой байдаг Ерөнхийлөгч Трамп энэхүү UFC-ийн тэмцээнийг “хосгүй гайхалтай үзүүлбэр, өвөрмөц тоглолт” хэмээн хамгаалсаар байна.
Цагаан ордны зүгээс энэхүү UFC тэмцээний бүх зардлыг UFC холбоо өөрөө бүрэн хариуцаж байгааг мэдэгдсэн юм. UFC-ийн контент хариуцсан захирал Крэйг Борсари спортыг улс төртэй хутгаагүй гэдгээ хэлж, “Бид үүнийг эх орон болон тамирчдаа алдаршуулах хосгүй, гайхалтай боломж гэж харж байна” хэмээн энэ долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.
Баярын уур амьсгалыг улам хурцалж, ням гарагийн тэмцээнд оролцох зарим шилдэг тулаанчид цагаан ордны Зууван танхимаас шууд гарч, октаганруу алхан очихоор төлөвлөгдсөн байна. Тулаан 4,000 гаруй үзэгчийн суудал бүхий, найман өнцөгт төмөр торон хашаа болох “Октагон”-д явагдана.
Ням гарагт тулалдах UFC-ийн тамирчин Майкл Чандлер үүнийг “тулааны спортын түүхэн дэх хамгийн том арга хэмжээ” гэж нэрлэсэн бол Францын тулаанч Сирил Ган спортын тал дээр илүү анхаарч байгаагаа илэрхийлж, “Бид улс төрд огт хамааралгүй ч дэлхий дахины анхаарлын төвд байх энэ боломжийг ашиглах ёстой” гэжээ.
Axios агентлагийн мэдээлснээр, тулааны дундуур АНУ-ын 250 жилийн ойд зориулсан түүхэн сэдэвт богино хэмжээний үзүүлбэрүүд тоглогдох бөгөөд үүнээс гадна:
Цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагууд, АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоцны үзүүлбэр болон шүхэрчдийн буулт, 10 минутын турш үргэлжлэх ёслолын буудлага болох ажээ.

Энэхүү баярын өмнө Трамп нэгэн хууль эрх зүйн тулаанд ялалт байгуулаад амжсаан. Баасан гарагт АНУ-ын шүүх орон нутгийн хоёр оршин суугчийн “уг арга хэмжээ нь авилгал, хууль бус шинжтэй” гэх гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.
Тулаанчдын жин үзэх ажиллагаа Линкольны хөшөөний гадна болсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд (National Mall) байрлуулсан аварга том дэлгэцүүдээр 125,000 орчим хүн уг арга хэмжээг шууд үзэх боломжтой юм.
Энэхүү эрчимтэй, сүр жавхлантай шоу нь Трампыг 80 нас хүрч байгаатай холбоотой эрүүл мэндийн асуултуудаас олон нийтийн анхаарлыг холдуулж байна. Трамп өөрийн эрч хүчтэй байдлаа Ардчилсан намын өмнөх ерөнхийлөгч Жо Байдентай харьцуулах дуртай бөгөөд Байден мэтгэлцээнд бүдэрснийхээ дараа нэрээ татахаас аргагүйд хүрсэн билээ.
Гэсэн хэдий ч гар нь хөхөрсөн, хөлний судасны өвчлөл, уулзалтын үеэр нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд Трампад ажиглагдаж байгаа ч түүний эмч Ерөнхийлөгчийн биеийн байдлыг “маш сайн” гэж тодорхойлсоор байна.

Трамп энэ долоо хоногт өөрийн цахимд оруулсан бичлэгт “Энэ төрсөн өдөр надад тийм ч таатай биш байна. Энэ бол миний дуртай тоо биш, гэхдээ би энд байж л байна” хэмээн жиргэжээ.
Радио, телевизийн шоуны од байсан ерөнхийлөгч урьдын адил энэхүү цус асгарсан, гял цал шоуны гол төвд байна. Жорж Вашингтоны их сургуулийн Хэвлэл мэдээллийн сургуулийн захирал Питер Лож хэлэхдээ:
“Тэр ерөнхийлөгчийн албан тушаалд өөрийн өмнөх карьер шигээ энтертейнмэнт хандаж байна” хэмээн дүгнэжээ.
Трамп өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө АНУ-ын Арми байгуулагдсаны 250 жилийн ойг хамтатган Вашингтон хотод урьд өмнө үзэгдээгүй цэргийн парадыг удирдан зохион байгуулж байсан юм.
Эх сурвалж: South China Morning Post / AFP
