Шинэ, бүтээлч бизнесийн санааг бодит болгоход тулгардаг хамгийн том даваа бол яах аргагүй эхлэл хөрөнгө оруулалт байдаг. Олон сайхан санаанууд зөвхөн санхүүжилтгүйн улмаас цаасан дээрээ үлдэж хоцрох нь элбэг.
Уламжлалт аргаар буюу банк, ББСБ-аас зээл хүсэхэд барьцаа хөрөнгө, тогтмол орлого зэрэг маш олон шалгуур, бичиг баримт шаарддаг бол гаднын хөрөнгө оруулагч олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил хүнд даваа юм. Энэхүү асуудлыг шийдэхээр дэлхий нийтэд эрчээ авсан “Хамтын санхүүжилт” (Crowdfunding)-ийн соёл Монголд эрчимтэй нэвтэрч байна.
❓ Хамтын санхүүжилт гэж юу вэ?
Энэ нь ганцхан том хөрөнгө оруулагчийн харахаас илүүтэй, таны санааг дэмжиж буй олон зуун хүний багахан хэмжээний хандив, дэмжлэгээр төслөө санхүүжүүлэх арга юм. Санаа нь заавал том бизнес байх албагүй бөгөөд ном хэвлүүлэх, аялалд явах, бүтээл туурвих зэрэг хувь хүний жижиг зорилго ч байж болдгоороо онцлогтой.

Дэлхийн зах зээлд Kickstarter, Indiegogo зэрэг платформууд олон төслийг амжилтад хүргэсэн бөгөөд энэхүү зах зээл жил бүр 15-20%-иар өсөж байна.

🇲🇳 Монгол дахь өнөөгийн нөхцөл байдал
Монголд Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй ганц платформ нь Fundea.mn юм. Одоогийн байдлаар тус платформ дээр:
77 гаруй төсөл амжилттай хэрэгжиж,
400 орчим сая төгрөгийн санхүүжилт босгоод байна.
Амжилттай хэрэгжсэн жишээнүүд:
E-geree: Цахим гэрээний систем
Maza: Мазаалай хамгаалах санд хувь нэмрээ оруулдаг кофены брэнд
Airee: Хонины ноосоор хийсэн, байгальд ээлтэй агаар шүүгч
Blindfold хамтлаг: Олон улсын Axean Festival-д оролцох зардлаа олон нийтийн тусламжтайгаар бүрдүүлж чаджээ.
🤝 Хамтдаа бүтээх соёл
Монголчуудын хувьд “Олны хүч оломгүй далай” хэмээн ярьдаг шиг айл саахалтаараа нийлж гэр барих, хэцүү үед бие биедээ туслах нь эртнээс уламжлагдаж ирсэн соёл билээ. Харин өнөөдөр энэхүү уламжлал цахим хэлбэрт шилжиж, ил тод, баталгаатай платформоор дамжин хүмүүсийн дунд итгэлцлийг бий болгож байна. Төсөл хэрэгжүүлэгч хаанаас ч, хэнээс ч дэмжлэг авах эрх тэгш боломж ийнхүү бүрдэж байна.
