Энэтхэгийн Баруун Бенгал мужид Нипа вирусийн халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болсон 100 орчим хүнийг карантинд оруулжээ.
Амьтнаас хүнд (ихэвчлэн сарьсан багваахайгаас) дамждаг, өндөр нас баралттай зоонозын гаралтай энэхүү вирусийн тархалтыг хянах зорилгоор нутгийн болон төвийн эрүүл мэндийн байгууллагууд яаралтай хяналт, тусгаарлалтын арга хэмжээ авч эхэлсэн байна.
Шинж тэмдэг
Эхэндээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх
Дараа нь: амьсгалын замын хүндрэл, ухаан самуурах, тархины үрэвсэл (энцефалит) болох, зарим тохиолдолд хурдан хүндрэх эрсдэлтэй.
Одоогоор онцгой эмчилгээ, батлагдсан вакцин байхгүй ба зөвхөн дэмжих эмчилгээ хийдэг. Нас баралтын түвшин 75% хүртэл байдаг. Оксфордын их сургууль Нипа вирусын эсрэг вакцины дэлхийн анхны II шатны эмнэлзүйн туршилтыг 2025 12 сард эхлүүлжээ.
Энэхүү халдварын мэдээлэл гарсантай холбоотойгоор ойр орших мужууд (жишээ нь Джаркханд, Тамил Наду) халдварын хяналт, эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг өрнүүллээ.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдэд сарьсан багваахай, гахай зэрэг амьтадтай харьцахгүй байх, гар угаах, жимс жимсгэнэ сайн угааж хэрэглэх зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг сахихыг зөвлөж байна.
Эх сурвалж The Week, Outbreak News,
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
