АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын Түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар ГЕФ-ийн Гүйцэтгэх захирал Карлос Родригос-той хоёр дахь удаагийн уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй GEF-ийн төсөл, хөтөлбөрүүдийн амжилт, туршлагыг хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн бөгөөд байгаль орчны салбарын бодлого, хөтөлбөрүүдийг дэмжих, шинэ санаачилгуудыг бодит хэрэгцээнд тулгуурлан өргөжүүлэхэд хамтран ажиллахыг зөвшилцсөн байна. Мөн салбар хоорондын уялдаа, бүх шатны оролцогчдын оролцоог хангах нь тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болохыг онцолжээ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
