Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, өдрийн 12 цагийн хугацаанд нэг ажилчин 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байгаа аж. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд эрс нэмэгджээ. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм. Энэ талаар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга хэлэхдээ, “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж буй. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.
Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог.
Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно. Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна.
Нөгөө талаараа засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна.
