
МАН-ын Бага хуралд хоёр хүн нэрээ дэвшүүлсэн. Удирдах зөвлөлөөс нь ЕТГ-ын дарга асан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өрсөлдсөн. Тэд намын Бага хурлын гишүүддээ бодлогоо танилцуулахдаа хэн, хэн нь дангаараа Засгийн газар байгуулна гэдгээ зарласан. Тиймээс эвслийн засаг байгуулна гэдэг нь хэн нэгний зорилготой шидэж буй мессеж биз. Гэвчиг Хамтарсан Засгийн газар байгууллаа гээд улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд дээшилсэн нь үгүй. Харин ч авлига, хулгай хяналтгүй болж, төрийн бүтэц данхайсан. Төрийн бүтэц томрохын хэрээр татвар төлөгчдийн нуруун дээр дарамт ачаалал ирсэн.
Тиймээс олон нийт парламентад олонх болсон МАН-аас ямба, ялаа дангаараа эдлэх, үүрэхийг л шаардах болсон. Хэрэвзээ энэ шаардлагыг үл тоовол Г.Занданшатар нийгмийн голлох хэсгийн дэмжлэг авч чадахгүй.
Парламентад олон суудал авсан хоёр том намыг халаасандаа хийсэн, хамгийн том бүлэг парламентад байгуулсан ч нийгмийн голлох хэсгийн дэмжлэггүй Ерөнхий сайд огцорч болдгийн гашуун сургамжийг Л.Оюун-Эрдэнээс олж харсан байх л гэж найдъя.
Шинэ Ерөнхий сайд дан дээлтэй. Тиймээс түүний гол түшиц газар нь 68 кноптой МАН-ын бүлэг байх нь тодорхой. Олонхын бүлгийн олонх дангаараа засаглахыг дэмжиж байгаа. Бүлгийн эв нэгдлийг хангах нь Г.Занданшатарын эхний бодлого бас тактик байх нь тодорхой.
Үндсэндээ, Засгийн газраа тогтвортой байлгая гэвэл өмнөх данхайсан бүтцээ цөөлж, дан хийгээд цомхон хүчээр ажиллахаас өөр сонголт эдийн засаг талаасаа ч, улс төрийн хувьд ч Г.Занданшатарт байхгүй.
