Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “PGL Bucharest 2025” тэмцээн Румын улсын Бухарест хотод болж байна. Өнгөрсөн шөнө Монголын “The MongolZ” баг Саудын Арабын “Falcons” багтай плей-оффын шат руу шалгарах хариуцлагатай тоглолтыг хийлээ. Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болсон ч манай залуус 16-14 онооны харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгав. Энэ тоглолтын дараа Саудын Арабын “Falcons” баг Бухарест дахь тоглолтоо үргэлжлүүлэхээр болсон бол Монголын “The MongolZ” баг 9-11 дүгээр байрыг эзэллээ.
1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын баг дэлхийн чансааны оноогоороо уригдан оролцсон ч өчигдөр Саудын Арабын багт хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Манай залуус энэ тэмцээнээс 31,250 ам.долларын шагналыг хүртжээ. Монголын “The MongolZ” баг тойргийн шатанд Нидерландын “Team Liquid”, Бразилын “Furia” багийг хожиж, Польш, Францын багуудад хожигдсон. Улмаар өнгөрсөн шөнө Саудын Арабын “Falcons” багт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Энэ тэмцээнд нийт 16 баг тойргийн журмаар тоглож, түрүүлж гурав хожсон нь плей-оффт тоглох эрхийг авах юм. Манай залуус хоёр хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа.
Ташрамд, Монголын “The MongolZ” баг энэ сард Австрали улсад болох “Intel Extreme Masters Melbourne 2025” тэмцээнд оролцоно.
