
“Аллах” гэсэн бичигтэй оймс зарж, зарим муслимуудыг хилэгнүүлсэн Малайзын жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр халдлагад өртжээ.
Бямба гарагт KK Super Mart сүлжээний Куантан хот дахь салбарын байр руу шатагч шингэнтэй лонх шидсэнээс бага хэмжээний гал түймэр гарсныг орон нутгийн цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт тус сүлжээний Перак муж дахь салбар мөн ийм халдлагад өртсөн юм.
“Аллах” гэсэн бичигтэй оймс KK Super Mart сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгааг харуулсан зураг Малайзын олон нийтийн дунд тараад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт тус сүлжээг үүсгэн байгуулагч Чай Ки Кан, компанийн захирал, түүний гэргий Ло Сю Муи нар “санаатайгаар бусдын шашин шүтлэгийг доромжилсон” хэргээр саатуулагдсан юм. KK Super Mart сүлжээнд уг оймсыг нийлүүлсэн компанийн төлөөлөгч бас саатуулагджээ.
Тэд батлан даалтаар суллагдсан бөгөөд шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-нд товлогдсон байна. Хэрвээ шүүх буруутай гэж үзвэл тэдэнд нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл торгох, эсвэл хорих, торгох шийтгэлийг хослуулан оноох юм.
Нийлүүлэгч компанийн төлөөлөгч 18,800 хос оймсыг Хятад дахь үйлдвэрлэгчээс захиалж авснаа мэдүүлжээ.
Малайз улсын 34 сая хүн амын гуравны хоёр нь исламын шашин шүтдэг малай үндэстэн юм. Хүн амын бусад хэсэг болох Хятад, Энэтхэг гаралтай иргэдийн дунд ч бас исламын шашинтнууд байдаг ажээ.
