
Соёлын сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний Музей (МҮМ)-н хамт олон “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хурал зохион байгуулах болсон шалтгааны талаар МҮМ-н Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Т.Зөнбилэг “Манай музей бол холбогдох хууль, журмын дагуу улс, орон нутаг, хувийн хэвшлийн музейг мэргэжлийн арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага.
2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд манай музейн Мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог МҮМ-н захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Соёлын сайд томилсон.
Үүний дараа 2024 оны хоёрдугаар сарын 19-нд Соёлын сайд Ч.Номин Төрийн албаны тухай хуулийг зөрчиж Соёлын Өвийн Үндэсний Төв (СӨҮТ)-ийн захирал Г.Энхбатыг манай музейн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Энэ үйлдэл нь төрийн албаны тухай болон нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа. Жишээлбэл төрийн албан тухай хуулийн 3.1.1 буюу мэрит зарчим, 26.4 буюу шатлан дэвшүүлэх, 27.1 гэсэн заалтуудыг зөрчиж байна” гэв.
“Байгууллагын удирдлага солигдоход өөрийн ойр дотны хүмүүсийг ажилд авах шаардлагын улмаас мэргэжлийн ажилтнуудыг хавчдаг”
Үргэлжлүүлэн тус музейн ажилчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ч.Номин сайдын шийдвэрийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүлсэн. Гэтэл албан шаардлагыг үл тоож Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 гуравдугаар сарын 4-ны өдрийн тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж, МҮМ-д хяналтын шалгалт явуулсан.
Хяналт шалгалтын үеэр музейн ажилчидтай уулзаж хөтөлсөн, тулгасан байдлаар асууж мэдээлэл авах ажиллагаа явуулсан.
Энэ нь төрийн албан хаагч “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.
Соёлын өвийн үндэсний төв нь хуулийн хүрээнд соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах чиг үүрэг бүхий улсын нэгдсэн мэдээллийн санг дэргэдээ бүрдүүлдэг байгууллага юм. СӨҮТ, МҮМ-н захирлыг түр орлон гүйцэтгэгчээр нэг хүнийг томилж байгаа нь байгууллага хоорондын албан харилцааг доголдуулна.
Байгууллагын удирдлага солигдоход нарийн мэргэжлийн ажилтнуудыг дэмжих хандлага гаргах ёстой. Гэтэл улс төрийн нөлөөгөөр өөрийн ойр дотны хүмүүсийг ажилд авах шаардлагын улмаас мэргэжлийн ажилтнуудыг хавчдаг.
Тиймээс чадаж байгаа, мэргэжлийн хүнийг томилох хүсэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 4-нд Соёлын сайд Ч.Номинд хүргүүлсэн. Үүний хариуг хоёрдугаар сарын 19-н хүртэл авч чадаагүй. Хоёрдугаар сарын 21-нд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлон гүйцэтгэгчийг солих шийдвэр гаргасан” хэмээн ярилаа.
“21 аймагт Соёлын урлагийн газрыг шинээр байгуулж, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаа”
Мөн хэвлэлийн хурлын үеэр МҮМ-н Мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо өөрийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “21 аймагт Соёлын урлагийн газрыг шинээр байгуулж, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаа. Энэ жил музейн сан хөмрөгийн улсын тооллого болно.
Тус тооллогыг олон жилийн турш музейн ажилтнууд хариуцаж ирсэн. Гэтэл орон нутгийн Соёл урлагийн газрын хүмүүсээр ахлуулж, арга зүйн зөвлөгөө өгнө гэж байгаад музейн захирлууд дургүй байгаа.
Мөн музейн ажилтнууд хуулийн дагуу үзмэртэй харьцсаны нэмэгдэл хөлс авдаг. Нэмэгдэл хөлс авах албан тушаалтны нэрсэд “Бүртгэл мэдээллийн санч” гэсэн тушаалыг оруулаагүй.
Гэтэл урьд өмнө байгаагүй үзэсгэлэнгийн куратор гэсэн жагсаалтыг оруулсан. Олон жил ажлаа хийсэн хүмүүс нэмэгдэл хөлсөө авч чадахгүй байгаад манай ажилчид бухимдалтай байна” гэв.
