
Blackpink-н 4 гишүүн бүгд гэрээгээ сунгаснаар YG (122870.KQ)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 29% өсөж ₩61,900-д хүрэв. Ийм өсөлт тэдний сүүлийн 10 жилийн түүхэд тохиогоогүй билээ.
YG орших уу, эс орших уу?
Blackpink болон YG-н талаар мэдэж амжаагүй уншигчдадаа хэлэхэд, өнгөрсөн 8-р сард тус охидын хамтлагийн YG-тай хийсэн гэрээний хугацаа дуусаж сунгана, сунгахгүй гээд бөөн юм болсон. Түүнчлэн тус хамтлагийн гишүүн Лиса гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэх шуумын улмаас YG-н хувьцааны үнэ энэ оны хамгийн оргил үеэс 50% унаад амжсан. Ер нь 4 гишүүд бүгд гэрээгээ сунгах эсэх нь бүрхэг болсон цагаас эхлээд компанийн хувьцааны үнэ унаж босоод л галзуу хулганадсан даа.
Саалийн үнээгээ алдаж болохгүй биз дээ? Blackpink-н хувьд Coachella тэргүүтэй хөгжмийн томоохон фестивалд оролцсон анхны К-Поп хамтлаг буюу YG-н хамгийн сүү сайтай саалийн үнээ нь. Саяхан Их Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одонг ч авч, гялалзаж яваа хамтлаг.
2x: Тус хамтлаг 2016 онд дебүт хийснээс хойш Ковид-19-тйн жилүүдийг эс тооцвол YG-н орлого бараг 2 дахин нэмэгдэж өнгөрсөн жилд ₩391 тэрбумд хүрээд буй. Түүнчлэн гишүүд хуучин гэрээгээр $6 саяын цалинтай ажилладаг байсан гэхээр шинэчилсэн гэрээнд тус дүн нэмэгдсэн л байгаа даа. Ил болоогүй л болохоос.
Яагаад чухал гэж?
YG болон Blackpink-н асуудал бол зөвхөн тэдний гэлтгүй Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлд нөлөөтэй асуудал. Учир нь хэдхэн жилийн өмнө К-Попын уран бүтээлчид ОУ-д тэр тусмаа Америкийн хөгжмийн зах зээл рүү гарах гэж мөрөөсдөг байв. Харин BTS, Blackpink гэх мэт хамтлагуудын мөс хагалж К-Поп урсгал Америкт улам эрчтэй түгэн дэлгэрэх болсон юм.
