
Энэтхэгийн баруун бүсийн Гоа мужид болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Москва, Делигийн эрх баригчид худалдааны төлбөр тооцоотой холбоотой асуудлаа хэлэлцжээ.
Учир нь Украины дайн эхэлснээс хойш Оросын хямд түүхий газрын тосыг Энэтхэг улс их хэмжээгээр худалдаж авах болсон. Гэтэл Өрнөдийн хоригийн улмаас Энэтхэг улс газрын тосны үнийг зөвхөн рупигээр төлөхөөс өөр сонголтгүй болжээ.
“Энэтхэгийн банкуудад манай олон тэрбум рупи хуримтлагдаад байна. Гэвч үүнийг бид ашиглаж чадахгүй байгаа нь гол асуудал. Рупигээ ашиглахын тулд бид бусад валют руу хөрвүүлэх шаардлагатай. Энэ талаар өнөөдөр ярилцлаа” гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Яриа хэлэлцээний үеэр Оросын тал төлбөр тооцоондоо юанийг ашиглах санал гаргасныг Энэтхэгийн тал хүлээж аваагүй гэсэн мэдээллийг өмнө нь Ройтерс агентлаг дамжуулсан юм.
Дайны эхэн үед Оросууд төлбөрөө рублиэр хүлээж авах бодлого баримталж байжээ. Гэвч рублийн ханшийн тогтворгүй байдлын улмаас Энэтхэгийн эрх баригчид рупи-рубль механизмаас татгалзсан юм байна.
Оросын тал ч бас ханшийн тогтворгүй байдлын улмаас рупигээр тооцоо нийлэх сонирхолгүй байгаа гэнэ.
Энэхүү бэрхшээлийн улмаас Оросын гадаадад царцсан хөрөнгийн хэмжээ цаашид улам нэмэгдэхээр байгааг судлаачид хэлж байна.
Орос, Энэтхэгийн худалдааны баланс алдагдсан нь үүнд улам хүч нэмж байгаа ажээ.
Тухайлбал 2022-2023 оны санхүүгийн жилийн эхний 11 сарын хугацаанд Энэтхэгийн Орос руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 11.6 хувиар буурч, $2.8 тэрбумд хүрсэн байна. Гэтэл Энэтхэгийн Оросоос авсан импортын хэмжээ тав дахин өсөж, $41.56 тэрбумд хүрчээ.
Үүнд газрын тосны худалдаа гол нөлөө үзүүлсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улс ОХУ-аас өдөрт 1.68 сая баррель түүхий газрын тос авч байсан нь түүхэн дээд үзүүлэлт болохыг Vortexa Ltd компанийн боловсруулсан статистик мэдээлэл харуулжээ.
Өрнөдийн хоригоор шийтгүүлэхээс болгоомжилсон Энэтхэгийн тал газрын тосны төлбөр тооцоондоо доллар ашиглаж чадахгүй байгаа юм.
Үүнээс гадна Энэтхэгийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгч Орос улс дайн эхэлснээс хойш $2 тэрбум гаруйтай тэнцэх төлбөрөө авч чадахгүй байгаа юм байна.
Делигийн эрх баригчид уг мөнгийг Энэтхэгийн хөрөнгийн зах зээлд буцааж оруулах саналыг тавьсан ч Оросын тал хүлээж аваагүй тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ. Сүүлийн хоёр өдөр үргэлжилсэн талуудын яриа хэлэлцээ ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Bloomberg
