
“No double standart”, “No war” хөдөлгөөнийг зохион байгуулсан Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа газраасаа гарахыг нь хориглож шийдвэрлэсэн.
Тухайн үед Э.Одбаяр, Ц.Чинбат нар нь Сүхбаатар дүүрэгт, Б.Билгүүн нь Баянзүрх дүүрэгт, Л.Ганхөлөг нь Баянгол дүүрэгт байнга оршин суух хаягтай байсан тул шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх газрыг оршин сууж байгаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээр тус тус тогтоожээ. Уг шүүхийн шийдвэр 2023 оны дөрөвдүгээр сарын 26-наас хүчин төгөлдөр болсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр НШШГГ-т хүргүүлж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Гэтэл Л.Ганхөлөг, Б.Билгүүн нар шүүхийн шийтгэх тогтоолд заасан зорчих бүсийг Сүхбаатар дүүрэгт шилжүүлж, өөрчлүүлэх хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт НШШГГ-т гаргажээ. НШШГГ-аас Б.Билгүүний зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт, Л.Ганхөлөгийн зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт тус тус ирүүлсэн байна.
Тодруулбал, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаяг нь Баянгол, Баянзүрх дүүрэгт боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох явцад буюу 2023 оны гуравдугаар сараас эхлэн Сүхбаатар дүүрэгт орон сууц түрээслэн амьдрах болсон байна. Энэ үндэслэлээр зорчих бүсээ өөрчлүүлж, тус дүүрэгт ял эдлэх хүсэлтийг гаргажээ.
Тэдний гаргасан зорчих бүсийг өөрчлөх эсэх асуудлыг прокурор хянаж байгаа аж. Прокуророос холбогдох баримт материалыг хянаж, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлт нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарах эсэхийг тав хоногт багтаан шийдвэрлэнэ.
Хуульд ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсон, санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр орон сууц, хашаа байшин худалдан авсан, өөр байгууллагад шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон бол ялтны зорчих бүсийг өөрчилж болно гэж заасан.
Эх сурвалж: УЕПГ
